Э.Батшугар: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг 220 төрлийн эмийг хамтын төлбөрөөс чөлөөлнө

7 цаг 42 минутын өмнө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар 2027 оны төсөвтэй холбоотой мэдээлэл өглөө.

Тэрээр "2027 оны төсөв батлагдлаа. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн реформын шинжтэй ажил хэрэгжиж байна. Ялангуяа эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад чанарыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаа. Өнгөрсөн онд 850 орчим мянган иргэн хөнгөлөлттэй эм авсан. Тэдгээрийн 240 мянга нь архаг өвчтэй, тухайлбал зүрх судасны өвчин болон чихрийн шижинтэй иргэд байна. Зүрх судасны өвчний эмийг ангилбал гурван төрлийн эм бий. Нэгдүгээрт, цус шингэлэх эм, хоёрдугаарт, даралт бууруулах эм, гуравдугаарт, зүрхний хэм алдагдлын үед хэрэглэдэг эм.

Эдгээр 240 мянган иргэний дийлэнх буюу бараг 80 хувь нь ахмадууд байна. Ахмадуудын судалгаанаас харахад тэтгэврийнх нь орлогын 40-70 хувь нь шууд эмийн зардалд зарцуулагдаж байгаа юм. Мөн эдгээр 240 мянган ахмадын 70 орчим хувь нь ямар нэгэн байдлаар эмийн хэрэглээгээ тасалдуулсан байна. Учир нь эмээ худалдан авах мөнгө нь хүрэлцдэггүй гэж ойлгож болно.

Тиймээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийг 220 төрлийн эмийн хамтын төлбөрөөс чөлөөлж байгаа гэж ойлгож болно.

Үүний үр дүнд, нэгдүгээрт, иргэдийн бодит орлого нэмэгдэнэ. Хоёрдугаарт, эмээ тогтмол хэрэглэж чадахгүй байснаас өвчин нь хүндрэх, улмаар эмнэлэгт хэвтэх нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хувьд хамгийн чухал зүйл бол хүн өвдсөнийх нь дараа эмчлэхээс илүү өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх явдал юм" гэв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.