З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв

3 цаг 19 минутын өмнө

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хэлэлцжээ.

Хоёр шатны шүүхээс Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

З.Энхболдыг улс төрд нөлөө бүхий этгээд болох Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлсний улмаас түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Өчигдрийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруутай гэж үзсэн шийдвэр хэвээр үлдэж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Харин Давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж хөнгөрүүлсэн юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.