Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн

10 сар 26. 9:05

Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн

Нийслэлийн төсвийн 1.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон 12 автомашиныг дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн Түргэн тусламжийн төв, Гачуурт, Хонхор, Туул тосгоны Эрүүл мэндийн төв зэрэг нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэж өгчээ.

Энэ үеэр олон жил болсон эмнэлгийн барилгыг шинэчлэх, засварлах, тохижилт, аппарат хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн үзлэг, оношилгооны хүлээгдлийг бууруулж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход хөрөнгө оруулалтыг чиглүүлэх шаардлагатайг эмнэлгийн удирдлагууд онцлов.

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд: Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 24 цагаар түргэн тусламж үзүүлдэг. Есдүгээр сараас долоодугаар сар хүртэл их ачаалалтай байдаг. Өнөөдрийн байдлаар 1700-1900 дуудлагатай байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад дуудлагын тоо 15 орчим хувиар нэмэгдсэн. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг нэмэгдүүлсэн нь томуугийн дэгдэлтийн үеийн ачааллаас хуваалцаж байна. Засгийн газрын тогтоолоор Үндэсний түргэн тусламжийн төв байгуулахыг ихээр дэмжиж байгаа. Бид иргэдийн дуудлагаар үйлчлэхээс гадна нийслэлээс зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцдог, ачаалалтай ажилладаг.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан: Зорилтот бүлэг болон 6 сараас 6 настай хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад 90-ээс дээш хувьтай хамруулсан. Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн хүндрэл, өвдөлт бага байдаг.

“Идэр чийрэг монгол цэрэг” төслийн хүрээнд цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан. Өмнөх жилүүдэд зөвхөн цэрэгт тэнцсэн хүмүүст шинжилгээ хийсэн бол энэ жил цэрэг татлагад хамрагдсан хүн бүрд шинжилгээ хийсэн. Биохими, цусны шинжилгээ зэрэг 50 гаруй төрлийн шинжилгээ болон оношилгоо хийсэн. Нийт 2,046 залуугаас 50 гаруй хувьд нь буюу 1,100 залууд өвчлөл илэрсэн. Иймд цэрэгт татлагад хамрагдаж байгаа залуусыг эрүүл болгох, эрүүл мэндийн даатгалд хамруулах нь чухал байна.

Шүдний өвчлөл бүх эрхтэн системд нөлөөлдөг. Жилээс жилд шүдний өвчлөл ихсэж байна. Эдгээр асуудалд бодлогоор анхаарахыг хүсье.

Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга Б.Бат-Амгалан: Гачуурт, Хонхор, Туул тосгоны Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн шинэ автомашинтай болж байна. Гачуурт тосгонд хоёр талдаа 150 км бартаатай замаар явж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвд автомашины гарааш байхгүй. 2027 оны төсөвт саналаа өгсөн автомашины гарааш барих хүсэлтийг дэмжиж өгөөч” гэв.

Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Өлзийпагам: Манай Эрүүл мэндийн төвийн барилга 2016 онд ашиглалтад ороод, үүнээс хойш улсын комисс хүлээж аваагүй, зөвшөөрөлгүй барилгад 10 жил үйл ажиллагаа явуулж байна. Лаборатори, дүрс оношилгооны тоног төхөөрөмж шаардлагатай байна.

Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга Э.Алтнаа: Хотын төвөөс 45 км зайд орших Туул тосгонд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Дүрс оношилгооны эмчтэй, өрөө нь байгаа боловч рентген байхгүй. Иргэд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд очиж үйлчлүүлдэг.

Эмнэлгийн барилга өвөлдөө хүйтэн, зундаа халуун. Энэ нь дээврийн асуудалтай холбоотой учраас 2027 онд эмнэлгийн дээврийг шинэчлэх саналаа НЭМГ-т хүргүүлсэн.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.