
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор боловсролын салбарт 50 жил ажилласан эрдэмтэн, судлаач Ц.Пагмажавыг урьж, оройгүй их эрдмийн далайд сэтгэл зүрхээ зориулж яваа түүний амьдралын баялаг түүхээс хуваалцаж байна.
Ц.Пагмажав багш 1970 онд МУБИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөж, хоймор сайхан Хөвсгөл нутгаас ажлын гараагаа эхлүүлжээ.Түүнээс хойш 50 жил багшаар багшилж, мэдлэг боловсролоо бусдад түгээн яваа гавьяатай нэгэн юм. Тэрээр 2019 онд докторантурт суралцаж эхэлсэн бөгөөд 78 насандаа докторын дипломоо гардан аваад удаагүй байгаа нь түүний эрдэм мэдлэгт тэмүүлсэн хүсэл эрмэлзэл, тууштай хөдөлмөрийн илэрхийлэл ажээ.
“Ээж минь 1000 төгрөг өвөртлүүлээд шуудангийн 56 гэсэн машинд суулгаад хот руу явуулж байлаа”
Хань, ээж, дүүгийн хамт.
Ц.Пагмажав Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул.Эцэг эхээс 12-уулаа, айлын ууган хүүхэд тул багаасаа дүү нараа харж, гэр орны ажилд тусалдаг байв. Тэднийх мал малладаг, адуутай айл байсан учраас тэрээр багаасаа морь үсэргэж, уралдуулдаг адуунд эрэмгий охин байжээ.
Аав, ээж нь хүүхдүүддээ аливаа ажлыг эхэлсэн л бол заавал дуусгаж байхыг үг үйлдлээрээ үлгэрлэн сургажээ. Энэ хүмүүжил нь Ц.Пагмажав багшийн амьдрал хийгээд эрдэм номын ажилд ч тусгалаа олж, олон жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд 78 насандаа докторын зэрэг хамгаалахад нь нөлөөлсөн байна.
Мөн хүүхдүүдээ эрдэм боловсролтой хүн болгохыг ч аав, ээж нь эрхэмлэдэг байв.Тиймдээ ч малаа нийгэмчлэн Баруунтуруун сумын арван жилийн сургуульд оруулсан байна. Ц.Пагмажав 1966 онд Өнөрбаян багшийн ангийг төгссөн бөгөөд 60 жилийн дараа буюу энэ жил ангийнхантайгаа уулзсан тухайгаа дурссан юм. Түүнийг арван жилээ төгсөх үед ээж нь бага дүүг нь төрүүлэхдээ их хүнд төржээ. Айлын том хүүхэд учраас ээжийгээ асрахаар Гурилын үйлдвэр рүү томилсон намын илгээлтэд явж чадаагүй байна. Намын илгээлтийг эсэргүүцсэн гэж үзэж түүнд ирсэн Москвагийн сургуулийн хуваарь буцаагдаж, МСҮТ-д хуваарилагджээ. Энэ үед ээжийнх нь бие арай тэнхэрч охиндоо 1000 төгрөг өвөртлүүлээд шуудангийн 56 гэсэн машинд суулгаад хот руу явуулсан байна. Аав нь эхэндээ охиноо эмч болгохыг хүсдэг байсан ч хожим нь “Анагаахын сургуульд сурах хэцүү юм байна. Миний охин багш болох юм уу” хэмээн зөвлөжээ.
Аавынхаа зөвлөгөөг даган Ц.Пагмажав Дээд боловсролын хороонд хүсэлтээ өгч, Багшийн дээд сургуулийн монгол хэлний ангид шалгалт өгч тэнцжээ. Ингээд 1970 онд сургуулиа төгсөж, багш мэргэжлээр ажил амьдралынхаа гарааг эхлүүлсэн түүхтэй.
Ц.Пагмажав оюутан ахуйдаа амьдралынхаа ханьтай танилцаж, гэр бүл болжээ.Түүний хань бол Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын найрал дууны багш, хөгжмийн зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Баасанжав.Тэднийг амьдралын их замд учруулсан зүйл нь хөгжим байв. Тэр үед хань Г.Баасанжав нь Хөвсгөл аймгийн арван жилд багшилж байгаад Багшийн дээд сургуульд хөгжмийн зохиолчийн ангид суралцахаар ирсэн нь тэр. Хөгжмийн зохиолчийн анги нь тэр жил л ганцхан элсэлт аваад дахин оюутан элсүүлээгүй гэдэг. Ц.Пагмажав ч хөгжмийн авьяастай, шанз тоглодог охин байлаа. Тэрээр Баянхонгор аймгийн Халтар хэмээх охинтой хамт “Унаган жороо” аялгууг шанзаар тоглож, тэмцээнээс алтан медаль хүртсэн нь түүний оюутан насны тодхон дурсамжийн нэг. Энэ үеэрээ ханьтайгаа танилцаж, гэр бүл болжээ. Тэд таван сайхан хүүхэдтэй бөгөөд дөрвөн хүүхэд нь ээжийнхээ мэргэжлийг өвлөж багш болсон бол нэг хүүхэд нь төрөлх нутгийнхаа театрт ажиллаж байна.
Хүмүүний алтан заяаг хайрласан аав, ээжийнхээ ачийг үр хүүхэд нь бүрэн хариулж чаддаггүй гэдэг. Харин үр хүүхдийнхээ зөв сайхан явааг харах нь аав, ээжийн хамгийн том жаргал билээ.
Ц.Пагмажав багшийн хүүхдүүд ээжийнхээ эрдэм номын ажлыг нь үргэлж дэмжиж, түшиг тулгуур нь болж иржээ. Хүүхдүүд нь ээжийгээ Япон, Хятад, Энэтхэг зэрэг олон орноор аялуулсан бол энэ удаа 78 насандаа докторын зэрэг хамгаалсанд нь талархаж Ирланд, Франц зэрэг улсаар аялуулахаар төлөвлөсөн байна.
“Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 жилийн сургуулийн хамт олон минь намайг докторын дөрөөнд дөрөөлүүлсэн”
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сургуулийн захирал Б.Гантулга, заах арга нэгдлийн 10 гаруй ахмад багш, 3000 хүүхдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын хамт докторын зэрэг хамгаалсны дараа угтаж авсан нь.
Ийнхүү Ц.Пагмажав ханиа даган Хөвсгөл нутагт шилжиж, ажлын гараагаа эхлүүлжээ. Тэрээр З.Шаарий захиралтай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын арван жилийн сургуульд монгол хэлний багшаар 30 гаруй жил тасралтгүй ажилласан байна. Тус сургуулийн хамт олон түүний багшлах арга барил, эрдэм судлалын ажлынх нь төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Энэ тухайгаа тэрээр дурсахдаа “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 жилийн сургуульд ажилласан он жилүүд миний ном бичих үйлсийн суурийг тавьж өгсөн. Докторын дөрөөнд дөрөөлүүлсэн хамт олон гэж хэлж болно. Анх намайг өлгийдөж авсан багш нар маань үнэхээр чадварлаг хүмүүс байсан. Захирал З.Шаарий, гавьяат Ж.Нямжав, З.Чулуунбаатар, Д.Дорлиг гээд эрдэмтэн, багш нарын бүрэлдэхүүнтэй заах аргын нэгдэлд орсон хүн чинь их зүйл суралгүй яах вэ. Нэг хэсэг манай сургуулийн багш нар л улсад түрүүлдэг байлаа. Энэ нь сургалт, заах арга ямар түвшинд байсныг харуулах биз ээ” хэмээн ярьсан юм. Ийнхүү Ц.Пагмажав 30 гаруй жил орон нутагт эх хэлнийхээ “манаанд” зогсож, олон хүүхдэд эрдэм боловсрол түгээжээ. Энэ хугацаанд найман ангийг төгсгөж, шавь нартаа яруу тансаг монгол хэлнийхээ баялаг сайхныг таниулан, эх хэлээ хайрлан дээдлэх сэтгэл төлөвшүүлж явсан юм.
Тэрээр багшлах хугацаандаа бага ярьж, ихийг унших зорилго өөртөө тавьдаг байв. Хичээлийн сэдэв агуулга нь өөрийн гэсэн өнгө аястай. Тайлбарт дасгалын аргыг өөрийн болгож чадсанаас гадна “Үгсийн аймгийн бүтцэд нь тулгуурлан зөв найруулан бичих нь” сэдвийг боловсруулан туршиж хамт олондоо түгээсэн байна. Түүнчлэн өөрийн ажлын үр дүн, арга барилаа нэгтгэн дүгнэж, 1988 онд “Тэргүүн туршлага бидний амьдралд” сэдвээр сурган хүмүүжүүлэх илтгэл бичиж, улс, аймагт нэгдүгээр байр эзэлж байжээ. Мөн аймгийн бүсийн нээлттэй хичээлийн өдөрлөгөөр хичээл зааж тэргүүн байр эзлэн “Арга зүйч багш” болж байсан түүхтэй. Мөн жил бүрийн монгол хэлний олимпиадад хүүхдүүддээ бэлддэг байв.Өдгөө Ц.Пагмажав багшийн ангиас 20 доктор төржээ. Тэрээр “Хаана ч явсан “Багшаа" гэж дуудуулах нь хамгийн том бахархал юм” хэмээн мэргэжлийнхээ сайхныг онцолсон юм.
“Хэлний зүй цаг тооны бичиг” номыг V-VIII ангийн сургалтад гарын авлага хэлбэрээр ашиглаж байна
Ц.Пагмажав боловсролын салбарт амьдралынхаа 50 жилийг зориулахдаа 15 жилийг судалгааны ажилд зориулсан байна. Тэрээр олон жилийн багшлах туршлагадаа тулгуурлан монгол хэлний зүй тогтол, сургалтын арга зүйг судалж, эрэл хайгуулынхаа үр дүнг ном бүтээл болгон туурвижээ. Эдгээр бүтээл нь түүний эрдэм судлалын замналд чухал байр суурь эзэлж, докторын зэрэг хамгаалах үндэс болсон юм. Тэрээр “Хэлний зүй нь бодит ертөнцийн үгээр хэлхэгдэх эрхин холбооны урлахуй” хэмээх нэрийн дор “Хэлний зүй цаг тооны бичиг” анхны номоо 2002 онд хэвлүүлжээ. Уг номыг ерөнхий боловсролын сургуулийн V-VIII ангийн сургалтад гарын авлага хэлбэрээр ашиглахыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвшөөрсөн байна. “Хэлний зүй цаг тооны бичиг” номыг судалж, үнэлсэн эрдэмтдийн нэг нь Монгол судлалын сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор Ө.Мөнхдолгор юм. Тэрээр уг бүтээлийн үнэ цэн, ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлжээ.
“Уг бүтээлийг үнэ цэн, эрэлт хэрэгцээ сайтай, үр дүнгээ өгч буй сайн бүтээл гэж үзэх хэд хэдэн үндэслэл байна.
Нэгдүгээрт, сурагчид суралцах арга барилаа өөрсдөө эрж хайх, дуурайх, төсөөлсний үндсэн дээр эзэмших боломжийг бүрдүүлсэн.
Хоёрдугаарт, багш нь судлаач, шинжээч, арга зүйч, боловсруулагч байх гэсэн өнөөгийн сургалтын зарчмыг мөрдлөг болгосон.
Гуравдугаарт, монгол хэлний нэгжүүдийн талаарх онолын ойлголтыг түвшин бүрээр нь задлан, эрэмбэ дараалалтай, уялдаа холбоотой маш хураангуй бөгөөд оновчтой, хялбар аргаар сургах бололцоог олгосон, өвөрмөц хийц, загвартай гарын авлага болсон.
Дөрөвдүгээрт, Бүтээлийн агуулга, арга зүй нь боловсруулалт сайн, баримт нотолгоо оновчтой, сэтгэл зүйн үндэстэй, хэрэглээний чиглэлтэй, багц үүсгэн заах аргад суурилсан.
Тавдугаарт, эл бүтээл нь монгол хэлний сургалт бол идэвхгүй хэлбэр, хэл зүй таниулах бус харин бодит ертөнцийн тухай ойлголтыг үгсийн урлагаар шимтэн хүртэхийн чухлыг мэдэрч, нууцыг задалснаараа үгээр хэлхэж ярьж, бичих чадвар, дадлыг төлөвшүүлэх анхдагч суурь бүтээл болсон.
Зургаадугаарт, тус бүтээлд танин мэдүүлэх ач холбогдол бүхий эхийг сонгон оруулж, монгол хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх, өөрийгөө сорих ажлын олон төрлийг гаргаж, улмаар суралцагч тасралтгүй сурч боловсрох шинэ нөхцөл, боломжийг олгосон зэргээрээ шинэлэг бөгөөд олон хэрэглээний ихээхэн ач холбогдолтой содон бүтээл болж чаджээ” хэмээн үнэлсэн байна. Ц.Пагмажав 2018 онд сургуулийнхаа 95 жилийн ойд зориулан “Мөрөн 10 жил, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль 95” хэмээх түүх, дурсамжийн номоо хэвлүүлжээ. Мөн тэр жилдээ “Эх хэлний торгон хилийн манаа” номоо гаргасан байна. Уг бүтээлдээ эх хэлний үнэ цэн, тусгаар тогтнолтой салшгүй холбоотой байдгийг онцолж, монгол хэлний дархлааны асуудлыг хөнджээ.
Тэрээр энэ тухайгаа “Номын нэг гайхамшигт чанар нь эх хэлний дархлаа юм. Эх хэл өөрөө тусгаар тогтнолын баталгаа. Дэлхий дээр буурай орны хэл их устаж байна. Торгон хэл, эх хэл хоёроо манаж байхгүй бол тусгаар тогтнол үгүй болно. Тиймээс хүн бүр анхаараасай гэж хүссэн. Эх хэлний дархан манаанд зүтгэж яваа сургуулийнхаа төгсөгчдийн тухай бичсэн. Үнэ цэнтэй номуудын нэг гэж бодож байна” хэмээн ярьсан юм. Түүний эрдэм судлалын дараагийн бүтээл бол 2024 онд гаргасан “Багшлахуйн хөгжилд сургалтын агуулгыг интеграцлах арга зүйн хэрэгцээ ба хувилбарууд” ном. Энэ нь багшлах туршлага, сургалтын агуулгыг уялдуулан заах арга зүйн зөвлөмж бүхий бүтээл юм. Тэрээр бүх хичээл хоорондоо холбоотой, салангид бус, харин нэгдмэл агуулгатай гэсэн үзэлд тулгуурлан сургалтад интеграцлах арга зүйг тусгаснаараа онцлог.
“Орон нутагт ажиллаарай. Хөдөөгийн амьдрал сайхан шүү”
Ц.Пагмажав багш “Орон нутгийн угсаатны бүлгийн өвөрмөц онцлог бүхий ЕБС-ийн хөгжлийн судалгаа 1931–2025” (Хөвсгөл аймгийн ЕБС-иудын жишээ) бүтээлээрээ докторын зэрэг хамгаалжээ. Түүний судалгаа орон нутгийн сургуулиудын хөгжлийг судалж, боловсролын төвлөрлийг сааруулахын зэрэгцээ чадварлаг багш нар орон нутагтаа төрөн гарч болдгийг харуулснаараа ач холбогдолтой юм.
Энэ тухайгаа дурсахдаа “Докторын хувцсыг өмсөнө гэж бодож байгаагүй. Төгссөн сургууль, хамт олон, удирдлагууд, үр хүүхдэдээ талархаж явдаг. Докторын зэрэг хамгаалахад намайг өлгийдөн авч, гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн хүмүүсийн нэг бол БЕГ-ын дарга, доктор, профессор Х.Тамир юм.
Өмнө бичсэн номуудаа үзүүлэхэд “Та судлаач хүн байна. Докторын зэрэг хамгаалахад болохоор байна” гэж хэлж байсан. Мөн докторын зэргээ хамгаалахаар зорьж явах үедээ МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмаа багштайгаа ерөөлөөр учирсан. Тэрээр миний удирдагч болохыг зөвшөөрч, их ажлынхаа хажуугаар сэтгэлээ зориулсанд нь баярлаж явдаг. Мөн сайхнаар угтаж авсан Хөвсгөл аймгийнхандаа талархаж байна” хэмээн ярьсан юм.
Докторын зэрэг хамгаалахад удирдагчаар ажилласан Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмаагийн хамт.
Ц.Пагмажав багш одоо “Хөвсгөл нутгийн боловсролын бодлого ба сургалтын агуулгын арга зүй” ном бичихээр ажиллаж байгаа гэсэн юм. Тэрээр “Дэлхийн дайтай сэтгэж, орон нутгаа хөгжүүлсэн хүнийг боловсролтой хүн гэнэ” гэдэг үг бий.Залуустаа “Орон нутагт ажиллаарай. Хөдөөгийн амьдрал сайхан шүү” гэж захилаа. Мөн энэ номоороо дамжуулан доктор хүнийхээ үүрэг, хариуцлагыг харуулахыг зорьж байгаагаа ярьсан юм. Эрдэм номын цагаан замналаар эх хэлнийхээ “манаан”-д зогссон эрхэм багшийн номын цагаан буян дэлгэрч, үйлс нь арвижих болтугай.
Ууган хүү аймгийн арслан Б.Лхагвасүрэн, аав Г.Баасанжав болон дүү нарын хамт.
Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин










Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Сэрэмжлүүлэг: ХХБ-ны системийн шинэчлэлийг далимдуулж иргэдийг залилж байна
ХУУЛЬ: АМНАТ, ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ БАТЛАВ
Хуурамч баримтаар 2.5 тэрбум төгрөгийн урамшуулал авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэв
НӨАТ-ын буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4 сая төгрөгийн татвараа төлжээ
ТАНИЛЦ: Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүд
Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмэгдэж орно
Монгол Улсын иргэд бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ
“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ
Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэв
МАН-ЫНХАН: Намын хагарлын бэлгэ тэмдэг Г.Занданшатарыг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгээр өргөмжлөх юм уу…?
Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль, эрхзүйн хаалтгүй болжээ
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Малаа хайж яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай…
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй
Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн
78 насандаа докторын зэрэг хамгаалсан Ц.Пагмажав багш
Ерөнхийлөгчид хэрэгжүүлэх боломжгүй хуульд гарын үсэг зурахыг санал болгож байна
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.