Ж.Мядагбадам: Иргэн Г.Уянгаа миний нэр хүнд, бизнесийн алдар хүндэд халдаж мэдээлэл түгээсэн байдлаараа надаас уучлалт гуйх ёстой

3 цаг 46 минутын өмнө

“Эгүүр.мн” мэдээллийн агентлагийн ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам иргэн Г.Уянгаагийн эсрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр хандаж буй талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Иргэн Г.Уянгаа 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх газрын гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгч, миний нэр, эрхэлдэг ажил, газар хөрөнгийн талаар буруу, бодит баримтад үндэслээгүй мэдээлэл олон нийтэд тараасан гэж үзэж байна" хэмээн онцлов.

Ж.Мядагбадам "Одоо миний нэр дээр байгаа газрууд өмнө нь өөр өөр иргэд дээр байсан. Таван талбарыг 2005 онд, нэгийг 2018 онд, хоёрыг 2023 онд эзэмших эрхээр шилжсэн газрууд юм. Миний хувьд эдгээр газрыг шинээр авсан бус, өмнөх эзэмшигчдээс эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан. Энэ процесс маш удаан явсан. Арав гаруй хүнд эзэмших эрх нь шилжсэний дараа би бөөгнүүлж, шилжүүлж авсан.

Нийт 100 орчим сая төгрөгөөр энэ газруудаа авсан. Монголд хөдөлмөрлөж л чадвал хүн сайхан амьдарч чадна. Хоёр жилд 5-10 сая төгрөгөөр нэг газар авах боломжтой шүү дээ.

Энэ газраа авахдаа ямар нэгэн улс төрийн нөлөөлөл ашиглаагүй, шаардлага ч байгаагүй. Иргэн Г.Уянгаа ч үнэнд гүйцэгдэнэ гэдгээ мэдэж байсан байх. Иргэн 0.07 га талбайгаа авч чаддаггүй гэх мэтээр олон нийтийн дургүйцлийг хүргэх арга ашигласан. Хувийн байдал руу минь ч дайрсан үйлдлүүд гарсан.

2019 онд "Эгүүр.мн" сайт үүсэн байгуулагдсан. Нийт 110 мянган мэдээний дата бий. Пэйж дээр үүнээс ч олон дата үүссэн байна. Гэрээний мөнгөний харьцааны хувьд нийт орлогын 50 хувийг төр, 50 хувийг хувийн байгууллага эзэлж байна. Үхрийн бөөр шиг мөнгүүдээр эрхлэгч нар цалингаа тавьж ажилладаг. Төртэй гэрээ байгуулж болохгүй гэдэг агуулга сая хөндөгдлөө. Бид гэрээ байгуулахдаа "хаалтын гэрээ хийхгүй, даргыг дагаж мэдээлэхгүй" гэдгээ сайтар заадаг. Монголд маш олон сэдэв байна. Хаалтын гэрээ хийгээд, даргыг өмөөрөөд ажиллах зав байдаггүй.

Би Х.Нямбаатарыг дэмжсэн байр суурьтай нийтлэл бичсэний тухайд, МАН 30|38 гэж хуваагдсан. Торойж үлдсэн Х.Нямбаатар байсан. Тэр нийтлэлийг сайтар уншвал хийж эхэлсэн ажлыг нь Х.Нямбаатарт үүрүүл гэсэн л утгатай байгаа.

Нэг нам хэтэрхий олон жил засагласан. Хэвлэлийг нийгэмд жигшүүлэх ажил өрнөж байгаад харамсаж байна. Иргэдээс авсан газраа бөөгнүүлж байгаад нэг өдөр өөртөө шилжүүлэн авч, захирамж гарсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэлээ.

Иргэн Г.Уянгаагаас мөнгө нэхэмжлэхгүй. Хуулийн хүрээнд итгэж байна. Миний нэр хүнд, бизнесийн алдар хүндэд халдаж мэдээлэл түгээсэн байдлаараа надаас уучлалт гуйх ёстой гэж үзэж байна.

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.