Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд баавгай ойртсон 557 тохиолдол илэрлээ. Есөн баавгайг устгасан

2 цаг 46 минутын өмнө

Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд баавгай ойртсон 557 тохиолдол илэрлээ. Есөн баавгайг устгасан

Улсын Онцгой Комисс(УОК)-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Эрхүү хотод гарсан асуудал өвөлжилтийн бэлтгэл, баавгайн асуудал зэргийг хэлэлцжээ.

Гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Н.Номтойбаяр "Хүрэн баавгай хот суурин газарт ойртож, иргэдэд аюул занал учруулж байгаатай холбогдуулан Засгийн газар тогтоол гаргасан.

Одоогоор есөн баавгайг устгасан. Нийт 557 тохиолдол илэрсэн. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хянахаас гадна УОК анхааралдаа авч, Ан амьтны тухай, Хил хамгаалах тухай, Эрүүгийн зэрэг хуулийн зохицуулалтуудыг тодорхой болгон хэрэгжилтийг хангахад илүү өргөн цар хүрээнд ажиллах, газар нутгийн байршлыг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн санхүүжилтийг шийдэхээр болсон.

Өчигдөр баавгай айлын гэр рүү дайрч, эрдэнэт хүний амь нас эрстлээ. УОК-ын даргын хувьд, Засгийн газрын нэрийн өмнөөс харамсаж буйгаа илэрхийлье.

Айл бүрийн гадаа цагдаа, онцгой байдлын алба хаагчид, байгаль орчны байцаагч нарыг байлгах боломжгүй. Иргэд өөрсдөө анхаарал болгоомжоо сайжруулах шаардлагатай. Мөн хуурайшилтын үе эхэлж байгаа тул ойн түймрийн асуудал ихээр гарч байна. Зүүн бүсэд хээрийн түймэр гарсан, 103 алба хаагч ажиллаж байгаа. 

Засгийн газрын тогтоол шийдвэр нь урьдчилан сэргийлэх, аргагүй хамгаалалтын арга хэмжээ авах хүрээтэй. Гарсан шийдвэрийг далимдуулж, өөр байршилд өөр зорилгоор ан агнавал Эрүүгийн хууль үйлчилнэ. Экологийн цагдаа болон Байгаль орчны хамгаалалтын алба, Сум, Аймгийн онцгой комиссын дарга нарт чиглэл өгч байгаа. Хараа хяналт дор, нотлох баримттайгаар хамгаалалт хийнэ. Хэд хэдэн зөвшөөрөл олгосон. Гэтэл дамлан зарах асуудал сонсогдоод байна. Дайны хажуугаар дажин гэгчээр алга нь загатнасан, буу бариад өөрийгөө анчин гэж бодсон нөхөд байдаг. Тийм зүйл байхгүй. Аргагүй хамгаалалтаас бусад тохиолдолд ямар нэг байдлаар хориотой ан агнавал Эрүүгийн хууль хатуу үйлчилнэ.

Мал барьж, айл руу дайрч байгаатай холбоотойгоор нөхөн олговрын асуудал яригдсан" гэв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Улстөрчдийн хэн, юу хэлэв5 цаг 13 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.