“South Moon цээжний наалт 28 хоногийн дотор уушги цэвэрлэнэ” гэх мэдээлэл худал

2 цаг 34 минутын өмнө

2026 оны 09 дүгээр сарын 02-нд Өргөө Store Facebook хуудаснаас “Уушгиа байгалийн аргаар цэвэрлэж, цэлмэг амьсгалцгаая!” гэх тайлбартай бичлэг түгээжээ. Тухайн бичлэгийн тайлбар хэсэгт “South Moon цээжний наалт 28 хоногийн дотор уушги болон амьсгалын замыг хорт бодисоос цэвэрлэж, нөхөн сэргээх үйлчилгээтэй. Байгалийн гаралтай ургамлын ханд агуулсан тул хүний биед сөрөг нөлөөгүй. Өдөр тутамдаа эсвэл унтахдаа цээжин дээрээ наахад л идэвхт бодисууд арьсаар шимэгдэнэ” гэж тайлбарласан байна. Уг бичлэгийг 102 хандалт, 53 сэтгэгдлээр идэвхжүүлж, 48 удаа цааш түгээжээ.

Бид наалт ашиглан уушги цэвэрлэх, ханиалга, астма эдгээх гэх мэт үйлчилгээтэй наалтын мэдээллийг нягталж, тайлан гаргаж байсан.  Сурталчилсан бүтээгдэхүүнийг Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад Amazon, Ebay, Яндекс гэх мэт худалдааны сайтаар борлуулж байгаа нь илэрсэн. Эдгээр сайтад бүтээгдэхүүний орц найрлагыг стиракс (styrax), хедиотис дифуза (hedyotis diffusa), гандигар (elderflower), хамамелис (witch hazel), настурциум (Nasturtium) зэрэг ургамал агуулсан гэж тайлбарлажээ. Мөн уг бүтээгдэхүүнийг “ханиалга намдаах, хамар хоолойн өвдөлт намдаах, элэг дэмжих, детокс үйлчилгээтэй наалт” гэж тайлбарласан байна.

Хайлтын явцад southmoon.org, southmoon.vip гэх худалдааны сайт илэрсэн ч эдгээр сайтад South moon уушгины наалт гэх бүтээгдэхүүнийг борлуулаагүй байна.

Бидний 2026 оны 04 дүгээр сард тайлагнасан “Астма, ханиалгын наалт үр дүнтэй эсэх нь батлагдаагүй” баримт шалгалтын үр дүнд “уушги тодорхой хэмжээнд өөрийгөө цэвэрлэдэг эрхтэн бөгөөд ямар нэгэн бүтээгдэхүүн ашиглаж уушги цэвэрлэх талаар шинжлэх ухааны баталгаа байхгүй” гэдэг нь илэрсэн.

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн AFP баримт шалгах төвөөс гаргасан уушги цэвэрлэх бүтээгдэхүүнд хийсэн баримт шалгалтад АНУ-ын Амьсгалын замын эрүүл мэндийн нийгэмлэгийн стратеги, хөтөлбөр болон бодлогын асуудал хариуцсан ахлах захирал Эрика Салем мэдээлэл өгсөн байна. Салемийн өгүүлснээр “бүтээгдэхүүний орц найрлагад байгалийн гаралтай ургамал, тосыг жагсаасан ч эдгээрийн уушгинд үзүүлэх нөлөөлөх нь тодорхойгүй тул хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй” юм. Үргэлжлүүлэн, тус баримт шалгалтад Бэйлорын Анагаах ухааны коллежийн уушги, эрчимт эмчилгээний чиглэлийн туслах профессор Тяньши Дэвид Ву мэдээлэл өгчээ. Түүний өгүүлснээр “уушги нь халдвараас хамгаалах, амьсгалын замаар орсон бодисуудыг гадагшлуулах нарийн зохион байгуулалттай байдаг. Бүтээгдэхүүн ашиглаж өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэсэн мэдээллийг батлах хангалттай нотолгоо байхгүй” байна.

“Ургамлын гаралтай астмын наалт: Санамсаргүй түүврийн аргын туршилт” мета шинжилгээ судалгаанд 14 шалгуур хангасан эрдэм шинжилгээний өгүүллийг шинжилжээ. Судалгааны үр дүнд “энэхүү наалт нь уушгины үйл ажиллагааг бага зэрэг сайжруулж, астмын шинж тэмдгийг бууруулж магадгүй” гэж үзсэн байна. Гэвч бүтээгдэхүүн хоорондоо өөр өөр орц, найрлагатай тул ялгаатай үр дүн үзүүлэх магадлалтай. Иймээс эдгээр наалтын үр нөлөө бүрэн батлагдаагүй байна.

Мөн 2025 оны “Амьсгалын замын өвчний үед уламжлалт эмийн ургамал болон тэдгээрийн фитоконституентэд суурилсан эмчилгээний аргууд” тойм судалгааны үр дүнд уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг ургамлууд уушгинд эерэг нөлөө үзүүлэх магадлалтай ч бүрэн батлаагүй ба нэмэлт судалгаагаар лавшруулах шаардлагатай гэжээ.

АНУ-ын Уушгины нийгэмлэг “Уушги цэвэрлэх боломжтой юу?” хэмээх нийтлэл гаргасан байна. Уг нийтлэлд түргэн хугацаанд уушги цэвэрлэх үр дүн амласан бүтээгдэхүүнд итгэж болохгүй гэдгийг онцолжээ. Сурталчилгаа хийж буй газрууд “уушги цэвэрлэнэ” гэх үр дүнгүй аргыг дэгсдүүлэн сурталчилдаг ба эмчийн зөвлөөгүй бүтээгдэхүүн хэрэглэснээр биед сөрөг нөлөө илэрч болзошгүй гэдгийг анхааруулж байна. Үргэлжлүүлэн уг нийгэмлэгээс уушги цэвэрлэх аюулгүй аргуудыг дурджээ. Эдгээр нь:  

  • Тамхинаас гарах, (Бүх төрлийн тамхи хэрэглэхгүй байх нь уушгиа хамгаалах хамгийн эхний алхам юм) 
  • Гэрийг цэвэр агаартай байлгах, (Гоо сайхны, цэвэрлэгээний, сонирхлын гэх мэт агаар бохирдуулагч зүйлсийг гэртээ оруулахаас татгалзах, агаар цэвэршүүлэгч тавихыг эрмэлзэх)
  • Антиоксидант агуулсан хүнс хэрэглэх, (Ногоо, жимс гэх мэт витамин өндөр хүнс хэрэглэж биеэ эрүүл байлгах)
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх (Биед тохирсон, тогтмол дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнд болон уушгиа эрүүлээр нөхөн сэргээх) зэрэг юм.

28 хоногийн дотор наалт ашиглаж уушги цэвэрлэхийг эдгээр аргад дурдаагүй бөгөөд мэргэжилтнүүд баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Наалтаар уушги цэвэрлэх боломжтой мэт бичлэг түгээж төөрөгдүүлж байна. Хэдий худалдааны сайтууд уушги цэвэрлэх наалт борлуулдаг ч мэргэжилтнүүд болон АНУ-ын Уушгины нийгэмлэгээс бүтээгдэхүүн ашиглан уушги цэвэрлэх боломжгүй гэдгийг анхааруулж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.