2911-р сар, 2026Ням гараг

Б.Өрнөхбаяр: Их сургуульд сурах мөнгөөрөө бизнесээ эхлүүлж, сургалтын төлбөрөө өөрөө олохоор шийдсэн

8 сар 17. 14:575 мин унших

Би 14 настайдаа барилга дээр ажиллаж, өөрийн хэрэглээний мөнгөө олдог байсан.



“Street food” ажиллуулдаг 18 настай Б.Өрнөхбаяртай ярилцлаа.Тэрбээр хувийн бизнес эрхэлж, цахим сүлжээнд контент бүтээдэг билээ.


-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Будзааны Өрнөхбаяр гэдэг. Увс аймгийн Сагил сумын хүүхэд, 32 дугаар сургуулийг төгссөн. Одоо 18 настай.

-18 настайдаа бизнес хийхийн давуу болон сул тал юу байна?

-Миний хувьд 18 настайдаа бизнес эрхэлж байгаагийн нэг давуу тал нь олон нийтийн сүлжээнд бичлэг хийдэгтэй холбоотой. Бичлэгүүдийг маань үзээд, сонирхож ирдэг хүмүүс их байдаг. Сошиалд ойр байж, контентоор дамжуулан хүмүүст бизнесээ хүргэхэд давуу тал болдог.Харин сул тал нь амьдралын туршлага бага болохоор хэцүү зүйлүүдтэй нүүр тулж байна. Тиймээс томчуудаас зөвлөгөө авч, мэдэхгүй зүйлээсээ туршлага хуримтлуулж, суралцаад л явж байна даа.

-Анх хувийн бизнестэй болох гол шалтгаан тань юу байсан бэ?

-Багаасаа өөрийн хөдөлмөрөөрөө мөнгө олж, санхүүгийн хувьд бие даасан хүн болохыг хүсдэг байсан. Тиймээс 14 настайгаасаа эхлээд зуны амралтаараа барилгын ажил хийж, өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгө олж эхэлсэн. Тэр үеэс л “Цаашдаа өөрийн гэсэн бизнестэй болбол ямар вэ” гэж боддог болсон. Өөрийнхөө хөдөлмөр, санаачилгаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж бодсон юм л даа. Энэ санаагаа аавдаа хэлж, өөрийн гэсэн бизнес эхлүүлэх хүсэлтэй байгаагаа ярилцсан. Аав маань миний санааг дэмжиж,“Street food” ажиллуулахыг санал болгосон юм. Миний хувьд бизнес гэдэг зөвхөн мөнгө олох тухай биш, мөнгө болон хариуцлага гэж хэлмээр байна. Өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн цагаас эхлээд орлого олохоос гадна гаргасан шийдвэр бүрийнхээ хариуцлагыг өөрөө хүлээдэг болсон.

Анх 30 орчим сая төгрөг зарцуулсан. Энэ бол аав, ээжийн намайг их сургуульд сургахад зориулж байсан мөнгө. Түүгээрээ өөрийн гэсэн бизнес эхлүүлж, цаашдаа бизнесээсээ олсон орлогоор сургалтын төлбөрөө өөрөө төлөхөөр шийдсэн.

-“Street food”-ээ хэзээнээс эхлүүлэв?

-Анх чиргүүлээ байрлуулаад, ундаануудаа өрж байхад нэг ах ирээд “Ундаа авъя” гэсэн юм. Тэр үед би ундааныхаа үнийг ч хараахан шийдээгүй байсан болохоор тэр ахтай ярилцаж байгаад л зарчихсан.Дараа нь ундаагаа татаж авдаг газраасаа “4000 төгрөгөөр зардаг” гэж сонсоод адилхан үнээр зарж эхэлсэн. Гэтэл ундаа авсан хүмүүс гайхаад л. Тэгээд сүүлд нь 3000 төгрөгөөр зардаг байсныг мэдсэн. Анхны өдрөө л үнийн талаар будилж, хөгтэй ч гэмээр юм уу, жаахан тэнэг гэмээр ч юм уу нэг тийм явдал болсон доо.

“Street food”-ээ арай эрт эхлүүлэхээр төлөвлөж байсан. Гэхдээ арванхоёрдугаар ангиа төгсөөд ЭЕШ-даа бэлдэх, дараа нь наадам гээд нэлээд олон ажил давхацсан юм. Тэгээд бэлтгэл ажлуудаа дуусгаад, энэ оны долдугаар сарын 26-наас “Street food”-ээ нээсэн. Хэдийгээр анх төлөвлөж байснаасаа хожуу эхэлсэн ч өөрийнхөө зорьсон зүйлээ эхлүүлж чадсан нь миний хувьд их чухал байсан.

-Бизнес хийж эхлэх үед хамгийн түрүүнд бодогдсон зүйл юу байсан бэ?

-Хамгийн эхэнд үйлчлүүлэгчид ирээд тав тухтай, сэтгэл хангалуун үйлчлүүлээсэй гэж бодсон. Зөвхөн хоолныхоо амт, чанарт анхаарахаас гадна хүмүүс сууж хооллоход тухтай орчин бүрдүүлэхийг хүссэн.

Тиймээс орчноо зүлэг дэвсээд л хөөрхөн тохижуулсан. Миний хувьд үйлчлүүлэгчид хоолоо идээд явах биш, энд дахин ирмээр санагдах тухтай орчин бүрдүүлэх нь чухал байсан.

-Бэрхшээлтэй зүйл нь юу байсан бэ?

-Дампуурахаас их айсан. Учир нь анх удаа бизнес эхлүүлж байгаа болохоор хөрөнгө оруулсан мөнгөө бүрэн нөхөж чадах болов уу, зардлаа дааж чадах болов уу, хүмүүс хэр их үйлчлүүлэх бол гээд нэлээд их зүйл бодсон. Ялангуяа хоолны бүтээгдэхүүн учраас өдөр тутмын зардал болон орлогоо зөв тооцоолох нь чухал байв. Хоолны борлуулалт хангалттай байх болов уу, бизнес маань ашигтай ажиллаж чадах болов уу гэдэгт хамгийн их санаа зовж байлаа.

Бизнесээ эхлүүлэх явцад зөвшөөрөл авах зэрэг тодорхой хүндрэлүүд гарсан ч тухайн үед Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн Үйлдвэрлэл, инновац хариуцсан мэргэжилтэн Б.Дөлгөөн ах маань их тусалж, дэмжсэн. Мөн хамт олонд нь талархаж байгаа. Түүнээс гадна ээж маань өдөр бүр ирж, ажилд минь тусалдаг. Бизнесээ эхлүүлэхэд дэмжсэн гэр бүл, хамаатан садан болон найз нөхдөдөө баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

-Амьдралын хэв маягт өөрчлөлт гарсан уу?

-Тодорхой хэмжээний орлого олж байгаа нь сайхан санагддаг. Гэхдээ үүний хажуугаар цаг наргүй ажиллах шаардлагатай болсон нь нэлээд хэцүү байгаа. Өмнө нь өөртөө илүү их цаг зарцуулж, найзуудтайгаа уулздаг байсан.

Одоо харин ихэнх цагаа эндээ л өнгөрөөж байна даа.

-Цахим сүлжээнд бичлэг хийх санаагаа яаж олов?

-Анх зүгээр л өөртөө челленж хийх зорилгоор бичлэг хийж эхэлсэн. Бичлэг хийж эхлээд хоёр жил орчим болж байгаа. Хийсэн бичлэг маань олон хүнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Дараа нь үзэхэд нэлээн их хандалт авсан байсан. Тэр үед “Өө, хүмүүс үздэг л юм байна шүү дээ” гэж бодоод улам сонирхож эхэлсэн. Тэгээд янз бүрийн зүйл туршиж, хөгжилтэй бичлэгүүд хийсэн юм. Одоо бичлэг хийх нь өдөр тутмын зүйл болчихсон. Хамгийн инээдтэй нь зарим бичлэгээ ач холбогдол өгөлгүй, зүгээр л санаанд орсноороо хийчихдэг. Тэгээд оруулсныхаа дараа үзэлт авахгүй байх гэж бодсон ч эсрэгээрээ хандалт их байдаг. Харин “Энэ удаа ёстой гоё бичлэг хийлээ” гээд зөндөө хичээж, олон удаа авч, эвлүүлсэн ч төдийлөн олон хүнд хүрэхгүй үе бас бий.

-Бизнесээ эхлүүлснээс хойш мөнгөнд хандах хандлага чинь хэр өөрчлөгдсөн бэ?

-Би 14 настайдаа барилга дээр ажиллаж, өөрийн хэрэглээний мөнгөө олдог байсан. Тэр үед санхүүгийн боловсрол дутмаг байжээ. Харин одоо хувийн бизнесээ эхлүүлснээс хойш мөнгөний үнэ цэнийг илүү ухаарч байна. Тиймдээ ч олсон орлогоо юунд, хэрхэн зарцуулахаа нухацтай төлөвлөж, зарлагаа хянаж, аль болох хэмнэхийг хичээдэг болсон.

 

 

 

Г.НОМИН

Б.АЛТАНЗУЛ

ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

2 335400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

12.6K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.