П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан

3 цаг 54 минутын өмнө

-ХАРИН 40 ХУВЬ НЬ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ТОХИРГООГ МЭДДЭГГҮЙ ГЭЖЭЭ-

Боловсролын сайд асан, УИХ-ын гишүүн П.Наранбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та сайхан наадав уу?

-Сайхан наадлаа. Энэ жилийн наадмаар аавынхаа төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд очлоо. Баянзүрх бол хад асга, цохиот уул, гол мөрөн ихтэй, сүрлэг сайхан байгальтай. Харин майхан хатгаж, олуул буудаллах тэгш тал хязгаарлагдмал. Байгалийн сайхныг зорих нь хүний зан. Бошлой хаданд олон айл цугласан байв. Бошлой хадны яг доор жуулчны бааз, отог байгуулан, олон өнгийн дээвэртэй барилга байгууламж барьж, шөнөдөө неон гэрэл асаан хөгжим чанга тавьж байгаа нь байгалийн үзэмжийг эвдэн, ан амьтанд халтай байгаа харагдлаа. Байгалийн үзэмж нүд болсон газраа хайрлан хамгаалж, бүс тогтоон онгон дагшин байдлыг нь хадгалахад анхаарах цаг болсон санагдсан. Орон нутгийн байгаль хамгаалагч нар завгүй ажиллаж, хогны машин явуулж аянчдын хогийг цуглуулан авч байлаа. Аялагч хүмүүс өөрөөсөө шалтгаалах хоёр зүйлийг л биелүүлбэл сайн байна. Нэгдүгээрт, хогоо үлдээх бус авч явах. Хоёрдугаарт, жижиг хүрзтэй явж, бие засаад үлдэгдлээ хөрсөөр нь далдалдаг болчихвол дараагийн аялагчдад ч таатайн дээр, нутгийн иргэд, байгаль хамгаалагч нарын ажлыг хөнгөвчилнө. Бие биедээ элгэмсүү хандаж, дараа дараагийн хүндээ төвөг удахгүй байх нь нийгмийн үндэс, үндсэн ухамсар юм шүү дээ.

-УИХ-ын чуулган завсарласан энэ үед таны хувьд ямар ажилд төвлөрч байна вэ. Иргэд сонгогчидтой уулзалт хийж байна уу, ямар санал, шүүмжлэл түлхүү сонсож байна вэ?

-Хаврын чуулганаар УИХ-ын найман гишүүний хамт “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” анхдагч, бие даасан хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Хуулийн төслөө энэ сарын 22-ны өдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ.

 

Иргэд, сонгогчидтой хийх уулзалтын тухайд, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн зургадугаар сарыг дуустал Баянзүрх дүүргийн нийт есөн хорооны 250 гаруй иргэд, сонгогчидтой биечлэн уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо. Иргэд үнийн өсөлт, цахилгаан эрчим хүчний хангамж, төлөвлөлтгүй газар олголт, барилга байгууламжийн зөвшөөрөл зэрэг олон асуудлыг хөндөж байна. Иргэдийн санал, хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

-Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль батлах нь эргээд хүний эрхэд халдаж байгаа хэрэг биш үү?

-Хүүхэд хүсэл сонирхлоо илэрхийлж, оролцох эрх эдлэхээс гадна аюулгүй байдлаа хангуулах, хамгаалуулах эрхтэй гэдгийг бид мартаж болохгүй. Нийгмийн сүлжээний одоогийн орчин нь хүүхдийн хамгаалуулах эрхэд ноцтой аюул заналхийлж байгаа тул төр энэ эрсдэлээс хүүхдүүдийг хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр хүний эрхийг зөрчиж байна гэж үзэх нь өрөөсгөл. Ч.Номин нарын найман гишүүний хамт санаачилсан энэ хуулийн төсөл маань нийт зургаан бүлэг, 20 зүйлтэй. Гол агуулга нь 13-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглосон бол 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулахаар зохицуулсан.

-Яагаад ийм зохицуулалт хийх болов. Шалтгаан нь юу вэ?

-Яагаад ийм зохицуулалт хийхэд хүрэв гэдгийг хэдхэн жишээгээр тайлбарлая. Хүүхэд болон эцэг, эхчүүдийн дунд явуулсан судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь нийгмийн сүлжээнд орох гэж интернэт ашигладаг гэж хариулсан. 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан, 40 хувь нь хувийн мэдээллээ хамгаалах тохиргоо хэрэглэдэггүй эсвэл тийм тохиргоо байдгийг мэдэхгүй гэж хариулсан байсан. Харин судалгаанд хамрагдсан эцэг, эх, асран хамгаалагч нараас хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьдаг эсэхийг асуухад 40 хувь нь хяналт тавьдаг, 10 хувь нь огт хяналт тавьдаггүй, 50 хувь нь хааяа хяналт тавьдаг гэж хариулсан байгаа юм. Мөн таны хүүхэд нийгмийн сүлжээнд дарамт, шахалтад өртөж байсан уу гэсэн асуултад 43 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байдаг. Энэ бүхнээс нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, цахим дарамт, залилан, бэлгийн мөлжлөг зэрэг учирч болзошгүй аливаа эрсдэлээс хамгаалах хууль хэрэгтэй гэж дүгнээд энэ хуулийн төслийг санаачилсан.

-Хөгжлөө дагаад саар зүйл ч их бий. Тэр дундаа сошиал орчин, цахим орчин дахь гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байгаа шүү дээ...?

-Технологийн хөгжлийг дагаад, өсвөр насныхан цахим орчинд элдэв гэмт хэрэгт өртөх, хохирогч болох асуудал ганцхан манай улс биш дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа л даа. Тийм ч учраас Австрали, Франц, Испани, Сингапур, Индонези зэрэг орнууд нийгмийн сүлжээний хэрэглээг насны хязгаартай болгох, эсвэл эцэг эхийн зөвшөөрлөөр хэрэглэдэг байх зэргээр зохицуулаад байгаа. АНУ-ын зарим мужид ч насны зохицуулалт хийгдэж эхэлж байна. Дахин хэлэхэд өргөн барьсан хуулийн төсөл хамгийн гол нь хүүхдийг хамгаалах, элдэв дарамт, дээрэлхэлт, бэлгийн мөлжлөг, залилан зэрэг цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэгт өртөхөөс урьдчилсан сэргийлэхэд чиглэж байгаа юм.

-Хаврын чуулганы хугацаанд таны хувьд Засгийн газрын гишүүнээр ажилласан. Мөн энэ чуулганы хугацаанд Засгийн газар хэд хэдэн удаа солигдсон гээд онцлох зүйл ихтэй болж өндөрлөсөн. Таны хувьд Боловсролын сайдаар ажиллах хугацаандаа томоохон ямар бодлогын шийдэл гаргаж ажилласан бэ?

-Боловсролын сайдаар ажиллах хугацаандаа салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг дэмжихэд анхаарч ажиллалаа. 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, салбарын хөрөнгө оруулалтыг 1.1 их наяд төгрөг болгон, өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдүүлсэн. Энэ нь шинэ сургууль, цэцэрлэг барих, боловсролын байгууллагын тоног төхөөрөмж, сургалтын орчныг сайжруулахад чиглэж байгаа юм. Мөн багш, боловсролын салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, цалингийн бүтцэд шинэчлэл хийлээ. Багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, залуу багш нарыг тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болсон гэж үзэж байна. Сургуулийн өмнөх болон бага боловсролын хөтөлбөрийг шинэчлэн батлав. Мөн хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж, багийн бага сургуулиудыг байгууллаа.

-Хаврын чуулган ер нь ямар үр бүтээлтэй өнгөрөв. Чуулганы төгсгөлд олон хууль батлагдлаа шүү дээ...?

-2026 оны хаврын ээлжит чуулган 79 өдөр хуралдсан. Энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга хоёр, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль долоо, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль тав, УИХ-ын тогтоол 58-ыг хэлэлцэн баталлаа. Миний зүгээс онцолж хэлэх хууль гэвэл Татварын багц хуулийн шинэчлэл. Энэ хууль баялаг бүтээгч, бүтээх эрх чөлөөгөө эдэлж байгаа хүмүүст нэлээд ээлтэй болсон болов уу гэж харж байна. Миний бие “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль” болон “Улсын нисэхийн тухай хууль”-ийн ажлын хэсэгт орж ажиллан эдгээр хуулийг батлуулах ажилд гар бие оролцлоо. Эдгээр хуулиудын ач холбогдол, үр нөлөөний талаар УИХ-ын албан мэдээнээс та бүхэн мэдэх боломжтой.

-Боловсролыг дэмжих жилдээ Монгол Улсын боловсролын тогтолцоо, бодлогод бодитой өөрчлөлт гаргах үр дүнтэй эрх зүйн шинэчлэл хийж чадсан уу. Боловсролыг яг яаж дэмжиж байна вэ?

-Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургуулийн менежментийн шинэчлэл, цахим шилжилтийг эрчимжүүлэх, шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт, бага сургуулийн цогцолборуудыг нэмэгдүүлэх, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, хотхоны бага сургуулиудыг байгуулах, их сургуулиудын шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд тодорхой шийдэлд хүрэх боломж бүрдэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдааг хангах нөхцөл бүрдэж байгаа юм.

-Зургаан настнуудын эцэг эхчүүд хүүхдээ хувийн сургуульд сургах уу, улсын сургуульд оруулах уу гэдэг сонголт дээр эргэлзэж эхэлдэг. Уг асуудалд та хувь хүнийхээ зүгээс эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эцэг эх бүр хүүхдийнхээ онцлог, гэр бүлийн нөхцөл боломжид тохируулан сонголтоо хийх нь зүйтэй. Бага насны хүүхдийн хувьд гэртэйгээ ойр сургууль сонгох нь ашигтай байдаг. Ер нь хүүхдийн боловсрол, төлөвшилд хүүхэд, багш, эцэг эх гэсэн гурван талын хамтын оролцоо чухал. Энэ гурван талын уялдаа, хамтын ажиллагаа сайн байж чадвал хүүхдийн хөгжил, суралцах үр дүнд илүү эерэг нөлөө үзүүлнэ. Ер нь хүүхдийг бүрэн өөрөө уншаад ойлгодог болтол нь ялангуяа аав нар оройдоо унтахаас нь өмнө ном уншиж өгдөг байвал сайн нөлөө үзүүлдэг гэж ярьдаг.

-Хаврын чуулганы сүүлээр малчин өрхийн хүүхдийг нэг, хоёрдугаар ангид нь гэрээр сургах эрх зүйн зохицуулалт оруулж ирсэн. Ингэснээр малчин өрхийн аж амьдрал, хүүхдийн боловсрол эзэмших асуудалд эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагч тайлбарлаж байсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би энэ хуулийн төслийг эрс эсэргүүцэж, түүнийгээ ч ний нуугүй илэрхийлсэн. Хөдөө, алс буйд газар болох тусмаа боловсролын хоцрогдол өндөр байна гэсэн судалгаа бий. Ийм үед сургуулийнх нь үйлчилгээг ойртуулахын оронд цахимаар аргацаасан ажил хийж болохгүй. Нэг, хоёрдугаар ангид хүүхдийн сурах гол үндэс нь тавигдаж байдаг. Багшийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Өөрөө бие дааж сурч чадахгүй. Эцэг, эх нь багшийн орон зайг нөхөж чадахгүй. Ер нь цаашдаа бид багийн бага сургуулиудыг нэмэгдүүлж, хүүхдийг аль болох дотуур байр биш, гэрээсээ сургууль руугаа явж суралцах боломжийг бий болгох хэрэгтэй.

-Энэ намрын чуулганаар 2027 оны улсын төсвийг хэлэлцэнэ. Ирэх оны төсөв юугаараа онцлог, юунд илүү анхаарах ёстой гэж та бодож байна вэ?

-Ирэх оны төсөв хамгийн түрүүнд үр ашиг, сахилга бат, хүний хөгжилд чиглэх ёстой. Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, инновацид оруулж буй хөрөнгө оруулалт бол ирээдүйн эдийн засгийн өсөлтийн суурь. Нөгөө талаас төсвийн үрэлгэн зардлыг бууруулж, хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах шаардлагатай. Иргэдийн амьдралд бодитоор хүрдэг, урт хугацааны хөгжлийг дэмжих төсөв байх ёстой гэсэн байр суурьтай байна.

Э.МӨНХТҮВШИН

ӨДРИЙН СОНИН

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ҮНЭ ХАНШ: МАХНЫ ҮНЭ БУУРЧЭЭ4 цаг 39 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.