"Төсвөөс тавьж өгдөг мөнгө нь улсын чанартай замын 10-12 хувийг засахад хүрдэг тул төлбөр нэмэх шаардлага үүссэн"

7 сар 22. 13:29

"Төсвөөс тавьж өгдөг мөнгө нь улсын чанартай замын 10-12 хувийг засахад хүрдэг тул төлбөр нэмэх шаардлага үүссэн"

Улсын чанартай авто зам ашиглах төлбөр наймдугаар сарын 1-нээс эхлэн суудлын автомашинд 5,000 төгрөг, ачааны автомашинд 20,000 төгрөг болж нэмэгдэнэ.

Ийнхүү нэмэгдүүлж буй нь зам арчлах, засварлах өртөг өсөж байгаатай холбоотой юм. Одоогийн байдлаар улсын төсвөөс олгож буй мөнгө улсын чанартай авто замын 10-12 хувийг л засах, арчлах хэмжээнд хүрнэ гэж Авто Замын Засвар Арчлалт(АЗЗА)-ын нэгтгэлийн захирал Д.Баярдорж хэллээ.

Мөн тэрбээр "Шатах тослох материалын үнийн өсөлттэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар нэг ам метр зам засахад 115,000 төгрөгийн өртөгтэй байгаа. Улсын төсвөөс тавьж буй мөнгө нь 8,000 километр үргэлжлэх улсын чанартай авто замыг засаж арчлахад хүрдэггүй. 10-12 хувийг нь засах хэмжээний төсөв батлагддаг учраас стандартад нийцсэн, гэрэлтүүлэг сайтай, тэмдэг тэмдэглэгээтэй замаар зорчуулахад төлбөр нэмэх шаардлагатай байсан. Удаа дараа Засгийн газарт хандсаны үр дүнд дээрх шийдвэр гарлаа.

Манай нэгтгэл орон нутгийн 20 салбараараа дамжуулан өвлийн арчлалт, зуны засвар, ээлжит засваруудыг хариуцдаг" гэлээ.

Дөрвөн жилийн өмнөөс төлбөр хураах цэгүүдийг цахимжуулж, нэхэмжлэл үүсгэж эхэлсэн байна. Энэ хугацаанд 30 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэл төлөгдөөгүй байгааг Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга Д.Оюунболд дурдаж байв. Энэ нь бараг бүтэн жилийн орлоготой нь дүйхүйц хэмжээ юм. Тодруулбал Замын хөгжлийн төв өнгөрсөн онд 33 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, замын нүх бөглөх, хөвөө засах зэрэг урсгал засвар, арчлалтад зарцуулжээ.

Холбогдох журмын дагуу төлбөр хураах цэгээс гадна амьдардаг иргэд тээврийн хэрэгслийн дугаараа бүртгүүлээд төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Мөн эмнэлэг, цагдаа, онцгой байдал зэрэг тусгай албадын тээврийн хэрэгсэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлдөг байна.

 Зам, Тээврийн Яам(ЗТЯ)-ны Авто замын бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа "Засгийн газрын 273 дугаар тогтоолоор улсын чиглэлийн зам ашигласны төлбөрийг нэмсэн. Тогтоолын дагуу улсын чиглэлийн замд суудлын автомашины төлбөр 1,000 төгрөг байсан бол 5,000 төгрөг, ачааны автомашин 10,000 төгрөг байсан бол 20,000 төгрөг болж нэмэгдэж байна. Манай улсад төлбөр авах 33 цэг байдаг. Үүгээр төлбөрийг хураана.

Хураасан мөнгө нь Сангийн Яаманд төвлөрч, зам засвар, арчлалтад зарцуулагддаг. Өвлийн арчлалт буюу зам даваа боогдох үед зам гаргах, зуны арчлалт буюу үер усыг шийдэх, урсгал засварт зарцуулагддаг. Урсгал засвар нь нүхэн эвдрэл, хөвөө засах зэрэг юм. Харин их засвар, төлөвлөгөөт засвар нь тусдаа байдаг" гэлээ.

Д.Оюунболд: Төлбөр хураах цэгээс гадна амьдардаг иргэд тээврийн хэрэгслийн дугаараа бүртгүүлээд төлбөрөөс чөлөөлөгдөнө

Монгол Улсад нийт 8,000 километр үргэлжлэх хатуу хучилттай замд төлбөр авах 33 цэг байгааг бүгдийг нь цахимжуулснаар "галын хайч"-ийн асуудал шийдэгдсэн. Ийнхүү төлбөр авах цэгүүд цахим болсноор тухайн цэгүүдэд хэдэн тээврийн хэрэгсэл нэвтэрч, хэр хэмжээний төлбөр цугларсан тухай болон цуглуулсан төлбөрөөрөө засварын ямар ажлууд хийв зэргийг нээлттэйгээр мэдээлэх боломжтой болсныг Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга Д.Оюунболд хэллээ.

 Харин нийслэлийн алслагдсан дүүрэгт амьдардаг иргэд ямар хөнгөлөлт эдлэх боломжтой талаар тэрбээр "Улсын болон олон улсын чиглэлийн авто замд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж нь төлбөр хураах цэгээр олон удаа нэвтэрдэг бол төлбөрөө урьдчилан төлснөөр 30 хувь хүртэл хөнгөлөгддөг. Ингэхдээ манай байгууллагатай гэрээ байгуулж, урьдчилж төлбөрөө төлөөд 30 хувийн хөнгөлөлтөө эдэлнэ.

Мөн төлбөр хураах цэгээс гадна амьдардаг иргэд тээврийн хэрэгслийн дугаараа e-Mongolia, манай байгууллагын цахим сайтад хандан бүртгүүлээд төлбөрөөс чөлөөлөгдөнө" гэлээ.

Улсын болон олон улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөрөө төлөхгүй бол 20 удаад саадгүй нэвтрүүлдэг ч 21 дэх удаад нь хаалт сөхөгдөхгүй бөгөөд заавал төлбөрөө бүрэн төлөх үүрэг хүлээлгэдэг байна. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



"COP17" гэж юу вэ?7 сар 21. 11:40
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.