Б.Отгонзаяа: Орон сууцны хогийн бункер дэх ил галаас шалтгаалсан гал түймэр их гарч байна

3 цаг 27 минутын өмнө

Гэхдээ дийлэнх нь тухайн барилгын цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс асуудлууд үүсч байдаг.

Гал түймрийн дуудлага ихэссэнтэй холбоотойгоор ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Отгонзаяатай ярилцлаа.

-Сүүлийн үед орон сууцанд гарч буй гал түймэр асуудал дагуулж байна. Энэ нь юунаас үүдэлтэй байна вэ?

-Сүүлийн үед орон сууц, өндөр барилгад гарсан гал түймрийн тоо өсөх хандлагатай байна. Энэ нь Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн хотжилт, барилгажилттай салшгүй холбоотой. Шалтгааны хувьд олон зүйл бий. Гэхдээ дийлэнх нь тухайн барилгын цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс асуудлууд үүсч байдаг. Энэ дотроо хоёр хуваагдана. Айл өрхөөс гарч байгаа гал түймэр, нийтийн буюу “СӨХ”-ийн эзэмшлийн барилгын коридорын цахилгааны шугам, цахилгааны нэгдсэн монтаж зэргээс үүдэн гарах гал түймэр нэлээд хувийг эзэлдэг. Дараагийн нэг шалтгаан нь орон сууцны барилгын хогийн бункер дэх ил галаас шалтгаалан гал түймэр их гарч байна. Хогийн сувагт гал түймэр гарсан тохиолдолд тухайн байрны оршин суугчид утаанд өртөж, аюулгүй талбайд гарах боломжгүй болох асуудлууд үүсдэг. Ийм төрлийн хогийн суваг, хогийн цэгийн дуудлага ялангуяа нийслэлд жилээс жилд нэмэгдэж байна. Мөн иргэний өөрийн буруутай үйлдлээс үүдсэн буюу галын аюулгүй байдлаа хангаагүйтэй холбоотой эзэмшил, өмчлөлийн байр, өрөө тасалгаанд гал түймэр гардаг. Ингэснээр тухайн орон сууцны оршин суугчид утаа, гал түймэрт өртөж, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирч байна.

-Саяхан Хан-Уул дүүрэгт байрлах “Цэнгэлдэх” хотхонд гал гарсан. Өндөр барилгад гарсан галыг унтраахад тулгардаг бэрхшээл юу байна. Галын машин, шат зэрэг хэрэглэгдэхүүн хүрэлцээ хомс гэгддэг?

-Бүх л гал түймэрт тодорхой хэмжээний хүндрэлүүд гардаг. Гал түймэр унтраах ажиллагаа гэдэг бол иргэдийн харж байгаа шиг тийм амархан очоод ус цацаад болчихдог юм биш л дээ. Нөхцөл байдлыг үнэлэхээс гадна чиглэл гаргах, унтраах, аврах ажиллагааны тактик боловсруулах зэрэг олон хүчин зүйлийг мэргэжлийн үүднээс үнэлдэг. Ийнхүү аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлдэг. Өндөр барилгад гал түймэр гарсан тохиолдолд зарим хүндрэлүүд гарна. Энэ нь зөвхөн Монгол Улсад тохиолдоод байгаа юм биш. Дэлхийн бусад улс оронд ч өндөр барилгад гарсан гал түймрийг унтраахад хүндрэл бэрхшээл учирдаг. Онцгой байдлын байгууллага одоогийн байдлаар хамгийн урт нь 42 метрийн өндөрт ажиллах хүчин чадалтай автомеханик шатны автомашинтай ажиллаж байна. Автомеханик шатны автомашин нь Улаанбаатар хотын төвийн дүүрэг болгонд байгаа тул хүрэлцээний хувьд хангалттай. Цахим орчинд “Цэнгэлдэх” хотхонд гарсан галыг унтраахдаа шатны автомашин ашиглаагүй, ус цацаагүй гэсэн асуудал их явсан. Тухайн галын хувьд шатан дээрээсээ бид цааш ус цацаж гал унтраах ажиллагаа явуулах шаардлага байгаагүй. Галын голомт буюу шатаж байсан хэсэг нь тэр барилгын коридорт цахилгааны босоо шугамаар бүх давхарт тархсан байсан. Гаднаас нь бид хэдэн тонн ус өгөөд ч тэр галын голомт руу нөлөөлөхгүй гэсэн үг. Тиймээс гал унтраах ажиллагааг тухайн нөхцөлд удирдан ажиллаж байгаа мэргэжлийн алба хаагчид нөхцөл байдлыг үнэлсний үндсэн дээр унтрааж ажиллагааг явуулдаг. Галын хувьд гаднаас ус өгөх ажиллагаа явуулаагүй гэж ойлгож болно. Харин гал унтраах ажиллагааг дотор усан хангамжаар зохион байгуулсан. Энэ нь иргэдэд алба хаагчид ороод юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байсан байх л даа. Манай байгууллагын ашиглаж байгаа шатны автомашин нь бүрэн сунаад 42 метрт хүрэх ба түүнээс цааш галын хошуугаар 15 метр хүртэл зайд буюу 19-20 давхар барилгад ус өгч цацах хүчин чадалтай. Өндөр барилгад ил гарсан галд бид 19-20 давхар руу усыг цацаад унтрааж болно. Харин дотор талд тархсан галыг мэдээж дотор талаар нь алба хаагчид л ажиллаж унтраана. Одоогоор шууд шатан дээрээсээ цацаад ажиллахад хүрэлцээгүй нь үнэн, түүнээс цааш барилга байгууллагын дотор усны крант, шугам болон өөрсдөө шугам хоолойгоо дэлгээд ажиллагааг явуулдаг. Энэ бол зөвхөн Монголд ч биш, олон улсын хэмжээнд хийгддэг ажиллагаа юм. Жишээлбэл, олон улсад 100 давхар барилга барилаа гээд түүнтэй дүйцэх шатны автомашин үйлдвэрлээд байдаггүй. Автомеханик шатны автомашин хүрэхгүй гэхээс илүү барилгын галын аюулгүй байдлыг хангах, гал унтраах автомат системээр тоноглох зэрэгт илүү анхаарах нь зүйтэй. Онцгой байдлын байгууллага өмнө жилээс эхлээд 60-аас дээш метрт ажиллах хүчин чадалтай автомашин авахаар ажиллагаа явагдаж байгаа. Ер нь дэлхийд хэрэглэж буй ямар л тоног төхөөрөмж автомашин байна, түүнийг албандаа нэвтрүүлэх, хэрэглэхээр ажилладаг. Олон улсад ашиглаж байгаа тоног төхөөрөмж, автомашиныг бид хэрэглэж байгаа нь үнэн. Мөн дутуу машин техник багаж хэрэгсэл байгаа нь ч үнэн. Гэхдээ хүн болгон зураг харж дүгнэхгүй байхыг өөрийн зүгээс хүсмээр байна. Энгийн жишээ дурдахад, үсэг бичиг мэдэхгүй хүн номны зургийг нь хараад яриад байгаатай адил юм л даа. Өндөрт гарсан галыг унтраахад дрон ашиглах асуудал байж болно. Гал унтраах дроныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр олон улс туршаад судлаад явж байна. Яг одоогоор дрон ашиглаад гал унтрааж байгаа улс байхгүй гэж хэлж болно. Ерөнхийдөө судалгааны хувьд, Монгол Улс ч гэсэн дроныг судлаад, судалгаа, туршилтын хэмжээнд явж байна. Яг одоогоор дроныг ашиглаад гал унтраах шаардлага бидэнд үүсээгүй байна. Дроныг гаргаад ашиглахад бидэнд хугацаа шаардана. Аль болох хурдан унтраах боломжтой аргаар мэргэжлийн алба хаагчид шийдлээ гаргаж, унтраах ажиллагаагаа зохион байгуулдаг.

-Орон сууцны гал түймрээс сэргийлэх зөвлөмж иргэдэд өгөхгүй юу?

-Бидний амьдарч байгаа орон сууц түүний орчин, авто зогсоолд гал гарсан тохиолдолд хүндрэл учруулдаг. Гал түймэр гарсан тохиолдолд галын машин орж ирээд байрлах боломжтой нөхцөлийг нь бүрдүүлэх талаар хамтран ажиллахыг хүсэх байна. Жишээлбэл, хотхоны автомашины хаалгаа нээлттэй байлгаж, машин тэргээ холдуулж, гал гарсан байрлалын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн Онцгой байдлын байгууллага ирсэн тохиолдолд аврах ажиллагаандаа шуурхай орно. Гал унтраах ажиллагаа, аврах ажиллагаа хоёр нэгэн зэрэг явдаг. Хүний амь нас нэн тэргүүнд учир бид хүн хүрэлцэхгүй тохиолдолд аврах ажиллагаа руугаа чиглэдэг. Тийм учраас өөрсдөдөө эрсдэлтэй цонхоор үсрэх, шидэх зэрэг алхмуудыг хийлгүйгээр тэвчээд хүлээх хэрэгтэй. Гэрт чинь утаа орж ирж байгаа бол тэр хэсгүүдээ хааж бөглөх хэрэгтэй. Танай гэрт утаа ямар байна, коридорт түүнээс илүү байгаа гэж ойлгох хэрэгтэй. Иргэд эхлээд аюулгүй байдлаа хангая гэхээс илүүтэй хаана юу болчихов гэж хайх нь их байдаг. Энэ нь өөртөө бас нэг талаар эрсдэл учруулна. Утаатай тохиолдолд гарахдаа чийгтэй, эсвэл даавуун материалаар амьсгалах эрхтнээ хамгаалах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Аялал зугаалгын үетэй холбоотойгоор иргэдэд хэлэх нэмэлт зүйл, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөхгүй юу?

-Хаврын саруудыг бодвол таван сарын сүүл, зургаан сарын эхэн үед ой, хээрийн гал түймрийн тоо буурч байна. Бороо хур тодорхой хэмжээнд орж байгаа ч улсын хэмжээнд хуурайшилт өндөр хэвээр байна. Иймд иргэд аялал зугаалгаар явах үедээ галын аюулгүй байдлыг сайтар хангаж сэрэмжтэй, байхыг зөвлөе. Гал асаасан бол маш найдвартай унтрааж шалгаж байх хэрэгтэй. Сүүлийн үед иргэд аялал зугаалгаар явахдаа хийн баллон авч явдаг болсон. Тиймээс хийн тулга, зуух хэрэглэх үедээ аюулгүй байдлаа хангах, гэмтэлтэй тоног төхөөрөмж ашиглахгүй байх.

Б.Дашжамц: Цахилгаан утаснаас болж гал гарах нь олон шалтгаантай

Цахилгааны техникч Б.Дашжамцтай цахилгаан утасны талаар тодрууллаа.

-Сүүлийн үед цахилгаан утаснаас болж орон байрны гал түймэр их гарах болсон. Энэ талаар иргэдэд зөвлөгөө өгөхгүй юу?

-Цахилгаан утаснаас болж гал гарах нь олон шалтгаантай байдаг. Тухайлбал, утасны огтлол бага байхад их ачаалал залгах, холболтын зангилаа сулрах,чанаргүй автомат таслуур ашиглах үед гал гарч болно. Мөн хуучирсан, эсвэл тусгаарлагч нь гэмтсэн утсыг нэг разетканд давхар олон өндөр чадлын төхөөрөмж залгах, мэргэжлийн бус угсралт зэргээс болдог. Галын ихэнх тохиолдолд утас өөрөө шатдаггүй. Харин хэт халснаас тусгаарлагч хайлж богино холболт үүсдэг.

-Цахилгааны утасны сайныг нь хэрхэн ялгаж ашиглах талаар ярихгүй юу?

-Сайн нь цэвэр зэс голтой байдаг. Мөн огтлол нь стандартад нийцсэн, гал дэмждэггүй тусгаарлагчтай, сертификаттай бүтээгдэхүүн байдаг. Муу утас нь зэсийн орц бага, мөн зарласан хэмжээнээсээ нимгэн хөнгөн цагаан хольцтой, тусгаарлагч нимгэн байдаг. Жишээ нь, зарим 2.5 мм² гэж зарагддаг утас бодит хэмжилтээр 1.8–2.0 мм² байх тохиолдол бий.

-Сүүлийн үеийн шинэ байр, орон сууцнууд хямд үнийг бодоод барьж байгаа барилгын компаниуд нь муу цахилгаан утсаар хийх болсон. Тэр нь КВт хүчин чадлаа дийлэхгүй байна гэх болсон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бүх барилгын компаниудыг ингэж хэлж болохгүй. Гэхдээ өртөг бууруулах зорилгоор чанар муутай материал ашиглах тохиолдол байдаг. Орчин үеийн орон сууцны нэг айлыг дунджаар 5–8 кВт, 8–12 кВт, 12–15 кВт орчим тооцож зураг төсөл гаргадаг. Ихэнх айлын разетканы шугамыг 2.5 мм² зэс утас, 16–25 автомат ашиглан хийдэг.

-Зарим айлд ус буцалгагч, тоос шорогч, хөргөгч, олон хөлдөөгч зэрэг цахилгааны хүчин чадлууд нь тооцоолсноос өндөр гараад байгаа гэж сонссон. Тэр үнэн үү?

-Тийм. Өмнө нь нэг айлд зурагт, хөргөгч, цөөн гэрэл байдаг байсан. Харин одоо ус буцалгагч 1-2 кВт, индүү 0.5-1.5 кВт , тоос сорогч 0.5-1.5 кВт байна. Угаалгын машин, агааржуулагч, хөлдөөгч, богино долгионы зуух, цахилгаан халаагуур зэрэг олон төхөөрөмжийг зэрэг ашиглаж байна. Жишээлбэл, ус буцалгагч 2 кВт, индүү 2 КВт, тоос сорогч 1.5 кВт, богино долгионы зуух 1.2 кВт байвал нийт 6.7 кВт болно. Тэгвэл энэ нь 220 вольт дээр 6.7 кВт ачаалал нь ойролцоогоор 30 ампер гүйдэл татна. Иймээс хуучин шугамууд халж эхлэх эрсдэлтэй.

 

 

Г.Балгар

С.Учрал

ӨДРИЙН СОНИН



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.