Х.Баттулга: Ардчилсан нам үнэхээр ардчилсан нам шиг байх ёстой

3 цаг 25 минутын өмнө

Х.Баттулга: Ардчилсан нам үнэхээр ардчилсан нам шиг байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариулав.

Энэ үеэрээ тэрээр: " Би С.Баярцогтыг АН-ын ЕНБДарга болгохыг дэмжээгүй, дэмжихгүй. Олон нийтийн сүлжээг харахад нийт хүмүүсийн 80-90 хувь нь мөн л сөрөг хандлагатай байна. Хэрвээ АН сонгуульд ялалт байгуулах гэж байгаа бол энэ хандлагыг яаж өөрчлөх вэ, асуудалд яаж хандах вэ гэдэг хамгийн чухал болсон. Энэ чинь өчигдөр үүссэн асуудал биш. 17-18 жил үргэлжилж байгаа асуудал.

Оюутолгой, Тавантолгой, Ухаа худаг гээд Монголын стратегийн томоохон ордуудын талаар ард иргэд нэг л зүйлийг ярьдаг. “Бид байгалийн баялгаасаа хүртэж чадахгүй байна” гэж. Байгалийн баялаг 3 сая Монголчуудад очих ёстой байтал 3-4 гэр бүлийн хүрээнд төвлөрчихсөн мэт ойлголт нийгэмд бий болсон. Би орон нутагт явж, иргэдтэй уулзахад хүмүүс яг үүнийг ярьж байна. Тийм нөхцөлд “тохироо” ярьж, эв нэгдэл ярих хэцүү.

 

Хэрвээ улс төрийн намууд баялгийн асуудалтай холбоотой төлөөллүүдийг дотроо оруулж ирээд байвал ард иргэд “дараагийн 10-15 жил ч бид баялгаасаа хүртэхгүй юм байна” гэж харна.

 

Тиймээс энэ асуудал дээр ил тод, шударга байр суурь хэрэгтэй.

Миний бодлоор Ардчилсан нам үнэхээр ардчилсан нам шиг байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэдхэн хүн дотроо шийддэг биш, 21 аймаг, 9 дүүргийн иргэд, гишүүдтэйгээ уулзуулж, дэмжлэгийг нь авч байж тодруулах ёстой. Харамсалтай нь шинэ дүрмээрээ энэ боломжийг хязгаарлачихсан юм шиг харагдаж байна. 200 мянган гишүүнтэй нам байж бодлогоо 378 хүний хүрээнд агшааж болохгүй. Өмнө нь заал дүүрэн гишүүдийн уур амьсгал, дэмжлэгээр намын амьд харилцаа мэдрэгддэг байсан. Ардчилсан нам жирийн гишүүдээсээ хүчээ авч, тэр хүмүүсийнхээ итгэлийг хүлээсэн хүнийг гаргаж ирж байж дараагийн шат руугаа явах ёстой.

 

Намын байртай, байргүй байх нь өөрсдийнх нь асуудал. Харин намын дотоод ардчилал алдагдаж байгаа нь илүү том асуудал.

 

 

Төмөр замын тухайд “гацаасан” гэж ярих нь өрөөсгөл. УИХ-аар батлагдсан төсөв, санхүүжилт нь шийдэгдээгүй байсан. Харамсалтай нь мөнгөний боломж бүрдсэн үед тухайн үеийн Засгийн газар нь шийдвэрээ гаргаж өгөөгүй. Харин дараагийн үед 1000 орчим км төмөр замыг 1 жил 8 сарын хугацаанд маш хурдан барьж байгуулсан. Тэгэхээр асуудал нь боломжгүйдээ биш, шийдвэр гаргах түвшний улс төрийн хүсэл байжээ.

Үндсэн хуулийн цэц дээр ч би нэг ч удаа очиж байгаагүй.

 

Ерөнхийлөгчийн тухай хууль болон Үндсэн хуулийн заалт хоорондоо зөрчилтэй байсан учраас нэг мөр болгох шийдвэр гарсан гэж ойлгож байгаа. Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийг нэг удаа, 6 жилээр” гэж заасан байхад Ерөнхийлөгчийн тухай хуульд “4 жилээр, 2 удаа” гэж байсан учраас үүнийг нэг мөр болгох шаардлага үүссэн.

 

“Харбин”-ы хуулийн тухайд тухайн үед Ерөнхий сайд байсан С.Батболдын үед нүүрсний асуудалтай холбоотой орж ирсэн гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчтэй уулзах бол албан ёсны хүсэлтээ Тамгын газраар дамжуулж тавьдаг, уулзалт болгон дээр холбогдох хүмүүс байлцдаг. Би хувьдаа Т.Аюурсайхантай хэзээ ч уулзаж байгаагүй." гэсэн юм.

 

Б.Төгсбаясгалан

sonin.mn



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.