3011-р сар, 2026Даваа гараг

Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа

4 сар 9. 17:1211 мин унших

Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.04.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.02 цагт 53.2 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төсөлд, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, эрдэс түлш, битумын эрдэс, эрдэс лав болон цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг 0-5 хувийн хязгаарт багтаан тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тусгаад байгаа юм.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Тэрбээр, Байнгын хороо төслийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу явуулсан талаар дурдаад, Улсын Их Хурлын гишүүд газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах импортын барааны гаалийн албан татвар 2026 онд төвлөрүүлэх орлогын хэмжээнд нөлөөлөх эсэх тухай асуулт асууж, хариулт авсан байна. Мөн тогтоолыг дагаж мөрдөх хугацааг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр тусгасныг өөрчилж, уг тогтоол батлагдсанаас хойших хугацаагаар тогтоох нь зүйтэй гэсэн санал гаргасан байна. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар дөрөвдүгээр сарын 20-ний өдрөөс гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж шатахууны тээвэрлэлтийг төмөр зам болон автозамаар тээвэрлэх боломжийг тогтоолд тусгах талаар асууж, хариулт авсан юм. Автозамаар тээвэрлэх боломжийг тогтоолд тусгаснаар алслагдсан аймгууд шатахуунаа заавал Улаанбаатараас буюу ихээхэн тойруу замаар тээвэрлэх эрсдэл үүсэж байгааг тэрбээр дурдав. Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хариулахдаа, тогтоолд зам болон боомтын асуудал тусаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн хөндсөн асуудлаар Засгийн газар тогтоол гарган шийдвэрлэх боломжтой гэсэн юм.

Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн дагаж мөрдөх хугацааны талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.5 хувь нь дэмжлээ. Ингээд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж, өнгөрөгч сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна”, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх”, мөн зүйлийн 4-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх” асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахаар, мөн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж, Жаран долдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасныг тодорхой уншиж сонсгосон юм.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусвар болох тухай 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” хэмээн заасан нь Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлийн “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэсэн заалттай зөрчилдөж байгааг дурдаад, Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татах тухай заалтыг шүүхээс хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна гэлээ.

Иргэд төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа, ард түмний элчийн хувьд Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн тохиолдолд бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгохыг шаардаж байгааг тэрбээр тэмдэглэн, өргөсөн тангаргаасаа няцсан, ард түмний элчийн хувьд төлөөлөх, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй болон санал хураалтад биечлэн оролцоогүй, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татаж хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох замаар Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг тайлбарлалаа.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа ёс зүйн зөрчлийг зөвхөн жагсаалтаар сонгогдсон гишүүдэд хамаатуулсан шалтгаан, ёс зүйн ноцтой зөрчил гэдгийг хэрхэн ойлгох, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа ёс зүйн зөрчлийг хэрэгжүүлэх практик жишээ, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар ёс зүйн зөрчил, ёс зүйн ноцтой зөрчлийг хэрхэн ойлгох, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хууль санаачлах хүрээ хязгаартай нийцэж байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн сахилгын зөрчил, ёс зүйн ноцтой зөрчлийн ялгаа, Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүд өөрсдөө санаачлаад явах боломжтой байсан эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир парламентыг тогтворгүй болгох эрсдэлтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татсан тохиолдолд үйлчлэх зохицуулалт, Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаяр ёс зүйн зөрчилд юуг хамааруулж тооцох, Үндсэн хуулийн цэцэд ёс зүйн асуудал хамаардаг эсэх, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн төсөл хэт субьектив байдлаар хэрэгжих эрсдлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төсөл танилцуулсан албан хаагчид улс төрийн намын албан тушаал эрхэлдэг эсэх, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг тангаргаасаа няцсан асуудлыг Үндсэн хуулийн цэц тогтоохоор тусгасан шалтгаан, ёс зүйг үндэслэн гишүүнийг эгүүлэн татах нь хэр үндэслэлтэй талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа жагсаалтаар сонгогдсон гишүүдийг ялгаварлаж авч үзсэн энэ хуулийн төсөл цаг үеэ олоогүй, Улсын Их Хурлын тухай хуулийн 44.1.11 дэх заалт, 41.2 дахь хэсгээр хориглосон асуудлыг хуулийн төсөл болгож, жилд 40-өөс дээш цаг тасалсан бол хариуцлага тооцохоор зохицуулсан асуудлыг тусгасан, Ёс зүйн дэд хороо гишүүдэд ялгамжтай хандаж ажилладаг талаар, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа хуулийн төсөлд хиймэл оюун ухаанаар шинжилгээ хийлгэхэд намын удирдлага өөртэй нь улс төрийн хувьд санал нийлээгүй гишүүнийг субьектив үндэслэлээр эгүүлэн татах санал гаргаж болзошгүй зэрэг эрсдлүүдийг дурдсан талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар ёс зүйг хуульчилж болно гэхдээ бүрэн хуульчлах боломжгүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд төрийн улс төрийн албан хаагчдын ёс зүйг ёс зүйн дүрмээр зохицуулахаар заасныг боловсронгуй болгох, Улсын Их Хурлын гишүүн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх зарчимтай уялдуулах шаардлагатай, гишүүдийг тойргоос, жагсаалтаар сонгогдсон гэж ялгаатай авч үзэж байгааг эргэж харах, парламентын дархлааг алдагдуулах нөхцөл байдал үүсгэхгүй байх, парламентын ардчилалын 5 үндсэн шалгуурыг алдагдуулахгүй байх талаас нь анхаарах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу хуулийн төсөлд заасан ёс зүйг барьж парламентын ардчилалд халдах эрсдэлтэй, гишүүд хэн нэгнийг гүтгэсэн бол хуулийн дагуу шүүхийн журмаар шийдэх боломжтой, хуулийн төсөл нь сөрөг үр дагавартай байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун- Эрдэнэ Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглал шиг мөрийн хөтөлбөртэй байх нь зохимжгүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд аудит оруулж, гурван институтын хурлыг зохион байгуулдаг болгох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох хуулийн өөрчлөлт хийх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчдыг нам бус болгох, Үндсэн хуулийн цэц болон бусад байгууллагууд парламент руу халдсан асуудлыг авч үзэх ёстой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төслийг өргөн барих, хэлэлцэж байгаа процесс нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэж, бүрэн эрхээс хальсан хууль өргөн барьсан нь институц хоорондын хяналт тэнцлийг алдагдуулж байгаа талаар, шинэ улс төрийн намууд бэхжих парламентын ардчиллыг энэ хуулиар үгүй хийх эрсдэлтэй, Монгол Улсын Ерөнхийлөгчид олгогдсон Улсын Их Хурлыг тараах эрх мэдэл нь зөвхөн Ерөнхийлөгчийн засаглалтай болон хаант засаглалтай улсад байдаг эрх мэдэл бөгөөд хуульд хориг тавих, шүүгч нарыг томилох зэрэг олон эрх мэдэлтэйн улмаас манай улсын парламентын тогтолцоо байнгын сорилттой тулгарч байгаа талаар, ард түмнээс сонгогдсон 126 гишүүний асуудлыг ард түмнээс сонгогдоогүй Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн шийдэж, шийдвэрийг Улсын Их Хурал хэлэлцэхгүй гэж тайлбарлах нь зохисгүй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах хоёр тохиолдлыг тодорхой заасан ба эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргадаг, харин Улсын Их Хурал эгүүлэн татах шийдвэр гаргахгүй байх тохиолдолд процессыг нь тодорхой болгох шаардлага байгаа боловч өргөн барьсан хуулийн төсөл энэ процесстой холбоогүй, субьектив байдлаар Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах эрсдэлтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нийгмийн хүлээлт болон Улсын Их Хурлын үйл ажиллагаанд дүгнэлт хийж хуулийн төслийг хэлэлцэх ёстой талаар үг хэлжээ.

Ингээд санал хураалт явуулахад Монгол Улсын Их Хурлын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн 66.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Хууль санаачлагчийн танилцуулга болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Энхтүвшин, О.Номинчимэг, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Л.Мөнхбаатар, Ж.Золжаргал, Б.Жаргалан, М.Ганхүлэг, С.Зулпхар, Г.Очирбат, Д.Үүрийнтуяа, А.Ариунзаяа, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, Э.Болормаа нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд парламентын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан төслийг дэмжих боломжгүй гэдгийг хэлж байлаа. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох тухай хууль санаачлах эрхтэй, эсэх, энэ нь Улсын Их Хурал болон гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа, эсэх, хэлэлцэж буй төсөл Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, холбогдох зүйл, заалтад нийцэж байгаа эсэх болон иргэд, сонгогчдын эрхэд халдаж, хязгаарлаж байгаа, эсэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Түүнчлэн, хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийг тойргоос сонгогдсон, намын жагсаалтаар сонгогдсоноор ялгаварлаж, Үндсэн хуулийн цэц болон улс төрийн намд шууд бусаар онцгой эрх олгох байдлаар засаглалын эрх мэдлийн хяналт, тэнцвэрийг алдагдуулах эрсдэл агуулж байгааг анхааруулж байв.

Монголын парламентын дархлааг сулруулж, эрх зүйн чадамж, бүрэн эрхт байдлыг алдагдуулан, парламентын ардчиллыг саармагжуулахад хүргэж болзошгүй тус хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэх нь зөв, эсэх тухай Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалангийн асуултад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан эрх зүйн тайлбар өгөв. Тэрбээр, Үндсэн хуульд заасан хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл, Хууль тогтоомжийн тухай хуулийн тавдугаар зүйлээр зохицуулсныг танилцуулсан юм. Эдгээрээр, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлахаар, Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлах болон хууль санаачлах замаар өөртөө Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхээс гадуур тодорхой бүрэн эрх олж авахыг нь хязгаарлахаар зохицуулсан гэдгийг тэрбээр дурдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй хамааралгүй, зөвхөн Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдалтай холбоотой байгааг хэлэв. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан Улсын Их Хурлын 18 онцгой бүрэн эрхийн алийг ч Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төсөл хөндөөгүй байгааг дурдаж, харин өргөн мэдүүлсэн төслийг хэрхэн өөрчлөх болон батлах, эсэх нь Улсын Их Хурлын бүрэн эрх гэдгийг хэлсэн юм.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын дархлааг бэхжүүлж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, нэр хүндийг өсгөх талаар хичээж ажиллахаа илэрхийлээд, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хуралд хүндэтгэлтэй хандах, гишүүдийн асуултад үнэн, зөв хариулт өгөхийг зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төслийн талаар асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Ч.Лодойсамбуу, Х.Булгантуяа, Л.Энхнасан нар төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж үг хэлсэн юм. Үг хэлж, байр суурь илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүд хуулийн төсөлд тусгасан зохицуулалт оновчтой бус, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд үр өгөөжгүй, хожмоо ихээхэн үр урхагтай, засаглалын хямралд ч хүргэж болзошгүй эрсдэлтэй зэрэг үндэслэлүүдийг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ хэлж, ийм хуулийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэх эрхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх талаарх санал хураалтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-нд буюу маргаашийн нэгдсэн хуралдааны эхэнд явуулахаар хойшлуулснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн тав дахь хэлэлцүүлгийг явууллаа. УИХ-ын дарга С.Бямбацогт төсвийн тухай хуулийг зүйл заалт бүрээр нь уншиж танилцуулснаар эцэслэн батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтад 111 гишүүн оролцсоноос 91 нь буюу 82 хувийн саналаар ирэх оны төсвийг баталлаа. Засгийн газраас 2027 оны төсвийг 41.3 их наяд төгрөгийн орлоготой, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар анх өргөн мэдүүлсэн

7 068

С.Бямбацогт: Өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна. Эзэн Чингис хаанаас эхтэй элэг, сэтгэл нэгт монголчууд аа, Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, төрийн түшээд ээ, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрд суугаа нийт монголчууд, эсгий туургатан элгэн түмэндээ Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Монгол бахархлын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр юм. 820 жилийн тэртээ Алтай, Хангай, Хэнтий, Саяны их нурууд, говь, талын уудам орон зайд тархсан Мөнх Тэнгэрийн үр садыг Чингис хаан нэгэн жолоонд нэгтгэн, монголчуудын төрт ёсны шинэ түүхийг өртөөлж Их Монгол Улсыг байгуулсан билээ. Энэхүү их үйл хэргийн тэгш дүүрэн ой өнөө жил тохиож буй нь Монгол бахархлын өдрийн утга агуулга, ач холбогдлыг өндөрт өргөж буй хэрэг юм. Модун Шаньюй тэргүүт дээдэс өвгөдийн байгуулсан Хүннү их гүрэн талын нүүдэлчин түмний төрт ёс, цэрэг захиргаа, зохион байгуулалтын их өв соёл болон уламжлагдаж, эзэн Чингис хааны Их Улсаар төгөлдөржин мандсан түүхтэй. Нийтийн тооллоос 200 гаруй жилийн өмнөөс тоологддог Хүннү гүрний суут түүх орчин цагийн шинжлэх ухаан, археологи, антропологийн ололт нээлтүүдээр баталгаажин, улам урагш ахисаар байгааг энэ бахархалт өдөр Улсын Их Хурлын хүндэт индрээс онцлон тэмдэглэе. Эзэн зарлигтай, Их хуралдайн тогтоолтой Их Монгол Улс Евразийн өргөн уудам нутагт өрнө дорныг холбосон эх газрын бодлогыг зангидан, нэгдсэн төр, хууль цааз, чөлөөт худалдаа, өөр хоорондоо ялгаатай өв соёл, шашин шүтлэгийг хүндэтгэх бодлогоор олон үндэстнийг манлайлан дагуулж, Эв, Энх, Эрхэмлэл хүндлэлийн гүн их ёс журмаараа дэлхийн дэг журмыг цогцлоосон билээ. Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улс үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, хаан голомт, төрт ёсоо хүрээлэн нягтарч, эзэнт гүрнийхээ оршин тогтнох үндсийг бат бөх тавьсан нь эдүгээ хүртэлх олон зууны түүхэнд үл давтагдах гавьяа юм. Та бид бахархалт дээдсийнхээ эв нэгдэл, сахилга хариуцлага, төрт улсаа дээдлэх үзэл, өөрийн төдийгүй өрөөл бусдын шашин соёлыг хүндэтгэх их ухаанаас суралцаж, өвлүүлэн үргэлжлүүлэх нь хамгаас чухал юм. Эрхэм хүндэт төрийн түшээд ээ, Монголчууд бид төрт ёсны эртний түүхтэйн зэрэгцээ төрийн чухал асуудлыг хамтаар хэлэлцэж, зөвлөлдөн шийдвэрлэдэг өнө эртний уламжлалтай. Хүннү гүрний үеийн Цэцдийн зөвлөл, Их Монгол Улсын үеийн Их Хуралдай нь энэхүү уламжлалын тод илэрхийлэл юм. Их Хуралдай бол хаанаа өргөмжилж, төрийн залгамж халаа, дайн ба энхийн асуудлыг хэлэлцэн, улс орны хувь заяаг шийдвэрлэдэг төрийн дээд чуулган байсныг түүхэн эх сурвалжууд гэрчилдэг. Энэ бол монголчууд төрийн чухал шийдвэрийг зөвлөлдөн хэлэлцэж, хамтаар батлах соёлыг олон зууны өмнөөс төлөвшүүлж ирсний баталгаа юм. Олон талын оролцоог хангаж, санал бодлыг хэлэлцэн зөвшилцөх нь Монгол төрийн эртний уламжлал, өнөөгийн парламентат ёсны үнэт зарчим мөн. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар ард түмэн төрийн эрх барих эрхээ төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх ардчилсан тогтолцоог баталгаажуулсан. Өнөөдөр Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, жинхэнэ утгаараа ард түмний засаглах индэр байж, олон ургалч үзэл, зөвшилцөл, парламентын ардчиллыг бэхжүүлэх, иргэндээ ээлтэй, ил тод, иргэдийн оролцоотой, тэдний хяналт бүхий НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТЫГ төлөвшүүлэх үйл хэргийг эхлүүлээд байна. Найман зууны өмнө монголчууд Их Хуралдайдаа төрийн чухал асуудлаа хэлэлцдэг байсан бол өнөөдөр Монголын ард түмэн сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан улс орныхоо хувь заяа, хөгжлийн бодлогыг шийдвэрлэхэд оролцож буй нь бидний төрт ёсны түүхийн их өв сан, үе дамжин өртөөлөх үнэт зүйл мөн. Монгол Улсын Их Хурал өвгөд дээдсийнхээ энэхүү үнэт өв уламжлалыг бахархан үргэлжлүүлж, өнөө цагийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан ажиллах үүрэгтэй. Өнөөгийн парламентын мөн чанар нь ард түмний итгэл, хууль тогтоомжийн чанар, төрийн бодлогын залгамж, улс орны ирээдүйн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаар илрэх учиртай. Төрийн түшээд бид өвөг дээдсийнхээ алсын хараа, төр засах ухааныг өвлөн залгамжилж, нийт иргэн, үндэсний эрх ашгийг эрхэмлэж, хууль дээдлэх ёс, шударга ёс, сахилга хариуцлагыг төрийн үйл хэргийн үндсэн зарчим болгох учиртай. Тусгаар тогтнолоо бататгаж, улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулж, ард түмний итгэлийг үйл хэргээрээ хариулах нь бидний түүхэн үүрэг мөн бөгөөд хойч үедээ бүрэн улс, бүтээмжтэй засаглал, хүчирхэг төрийг өвлүүлэх нь бидний эрхэм хариуцлага гэдгийг онцлон тэмдэглэе. Эрхэм ард иргэд ээ, монгол ахан дүүс ээ, Чингис хаан даян дэлхийн нэгэн цаг үеийн түүхийг бүтээгээд зогсоогүй, монголчуудыг нэгтгэх үзэл санаа, тусгаар тогтнолоо хамгаалах ирмүүн зориг, төр улсаа дээдлэх их бахархлыг өвлүүлсэн билээ. Их Монгол Улсын түүх бол зөвхөн өнгөрсөн үеийн ялалт, байлдан дагуулалтын түүх биш ээ. Энэ бол улс гэрийн зохион байгуулалт, хууль цааз, төрийн бодлого, худалдаа харилцаа, соёл иргэншлийн харилцан нөлөөллийн өргөн цар хүрээтэй түүх мөн. Түүхээ мэддэг ард түмэн үндэснийхээ үнэт зүйлийг ойлгоно

7 290

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна. ​​​​​​​ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Хүний эрхийг зөрчиж буй олон зүйл байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, хэрэглээг хуульд заасан үндэслэл шалгуурт нийцүүлэн хязгаарлах, цагдан хорих шийдвэрийн үндэслэлийг тодруулах хэрэгтэй гэж УИХ-ын тогтоолд тусгасан

6 990

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гаргасан гомдолд үндэслэн Т.Шинэбаярыг цагдан хорьж, гар утсыг нь хураан авсан гэх асуудал яригдлаа. Т.Шинэбаярыг өнгөрсөн аравдугаар сарын 11-нд цагдан хорьж, 16-нд сулласан юм. ​​​​​​​ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хүний эрхийг зөрчиж буй олон зүйл байна

7 280

Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно

​​​​​​​ УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээ хийх чиг үүрэг бүхий мэргэжлийн хамтарсан зөвлөл байгуулах аж. Чуулганы хуралдааны үеэр тус хуулийн шинэчлэлийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу салбарын сайдтай мэтгэлцлээ. Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Манай яамны зүгээс кэйстэй очиж ажиллах зорилго тавьж байгаа. Айл өрхүүдээр ороод хөдөлмөрийн чадвартай хүн байвал яагаад хөдөлмөр эрхлэхгүй байгаа, орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэхгүй байгааг маш зөв тодорхойлохоор энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ жил манай яам 5,000 өрхийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилт тавиад тодорхой хэмжээнд төсөв зарцуулсан

11K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.